Л.Дэлгэрмаа
09 сарын 03, 2026
Эх хүний кесар хагалгаагаар төрөх үйл явцыг загварын урлагаар дамжуулан харуулсан өвөрмөц даашинз олны анхаарлыг татаад байна.
Уганда улсын мисс Элле Мухоза Вьетнамд болсон “Miss World 2026” тэмцээний үеэр “Layers of Life” буюу “Амьдралын давхаргууд” хэмээх уг даашинзыг өмсөн тайзнаа алхжээ.
Энэхүү бүтээлийг Уганда улсын дизайнер Киша Абдалла урласан аж. Уг даашинз нь долоон давхар, түүхий ирмэг бүхий даавуугаар бүтээгдсэн бөгөөд давхар бүр нь кесар хагалгааны үеэр зүсэлт хийгддэг биеийн бүтцүүдийг бэлгэджээ.
Тодруулбал, арьс, өөхөн эд, фасци, булчин, хэвлийн гялтан, умай, амнион уут гэсэн дарааллыг уран сайхны хэлээр дүрсэлсэн байна.

Тиймээс энэхүү даашинз нь зөвхөн загварын шийдэл бус, кесар хагалгаагаар төрсөн ээжүүдийн туулдаг бие махбодын болон сэтгэлзүйн өөрчлөлт, өвдөлт, басхүү тэсвэр тэвчээрийг хүндэтгэн харуулах санааг агуулжээ.
Эмнэлгийн нарийн үйл явцыг ийнхүү уран бүтээл болгон тайзнаа амилуулсан нь үзэгчдийн хүндэтгэлийг хүлээж, эх хүний туулдаг төрөлтийн үйл явц, хүүхдээ хорвоод авчрахын үнэ цэнийг загварын хэлээр илэрхийлсэн содон бүтээл болж байна.
Эх сурвалж: People.com
О.Анужин
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.