Казахстан улс хууль сахиулах хүчний цэргүүдэд жагсагчдийн эсрэг анхааруулга өгөхгүйгээр буудан алах тушаал өгсөн нь амьд явах хүний эрхийг хамгаалах, хүндлэх олон улсын хуулиар хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байна гэж хүний эрхийг хамгаалах Human Right Watch байгууллага мэдэгдлээ.

Тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнгөрсөн Баасан гаригт телевизээр хэлсэн үгэндээ "анхааруулга өгөхгүйгээр буудан хороох" тушаал өгсөн гэжээ. Одоогоор тус улсад дотоодын цэргээс гадна Хамтын аюулгүй байдлын байгууллагын ОХУ-ын хүчнээр толгойлуулсан энхийг сахиулах олон улсын цэргүүд байршиж байна.

"Дээрх тушаалаа нэн даруй цуцлах ёстой. Казахстан улс тусгаар тогтносноосоо хойш хамгийн их хүчирхийлэлтэй хямралт байдалд байна. Тус улсын засгийн газар ард түмнийхээ үндсэн хүний эрхийг хүндлэх нь үү, үгүй юу гэдгийг дэлхий даяар харж байна." гэж Human Right Watch байгууллагын захирал Летта Тайлэр мэдэгдсэн байна.

Казахстаны Жанаозен хотод шингэрүүлсэн байгалийн хийн түлшний үнэ огцом өссөнийг эсэргүүцсэн тайван жагсаал нэгдүгээр сарын 2-нд гарч, улмаар бусад хотуудад тархаж олон мянган хүмүүс оролцсон авилга хээл, хахууль, хүний эрхийн зөрчил, Назарбаевын дэглэмийг эсэргүүцсэн, нийгэм эдийн засаг, улс төрийн шинэчлэл хийхийг шаардсан томоохон эсэргүүцэл болон өргөжсөн юм.