Тусгай үүргийн нислэгтэй холбоотой асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Энэ оны нэгдүгээр сарын 28-наас есдүгээр сарын 22-ныг хүртэлх хугацаанд гадаадын 81 улсаас Монгол Улсын 22191 иргэнийг эх оронд нь авчирсан. Есдүгээр сард үйлдэхээр төлөвлөсөн тусгай нислэгүүд дээр тусгаарлах байрны нөөц боломжийг харгалзаад нислэг нэмнэ гэдгийг өмнө нь мэдээлсэн. 

Энэ дагуу есдүгээр сарын 28-нд Казакстан улсын Алматив хот руу Хүннү Эйр компанийн тусгай үүргийн онгоц нисэхээр шийдвэрлэсэн. Тус улсаас ирэх иргэдийн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт Элчин сайдын яамаар дамжуулан авч, нислэгийн бэлтгэл ажил хийгдэж байна.

Мөн есдүгээр сарын 29-нд тусгай үүргийн нэмэлт нэг нислэгээр Монгол Улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаадын 200 орчим иргэнийг монголд авчирахаар шийдвэрлэсэн. Үүний бэлтгэл ажлыг хангаж байна. Эдгээр иргэн нь манай улсад байнга оршиг суудаг, Монгол Улсад ажил, амьдрал, бизнес, хөрөнгө оруулалт нь байдаг иргэд юм. 

Тэднийг ирсэн даруйд нь Ramada болон Novotel зочин буудалд тусгай үнээр тусгаарлана. Энэ нь Монгол иргэдийг тусгаарлах байрны хүрэлцээнд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй" хэмээлээ.