Селфи буюу монгол хэлэнд "өөрөг" гэж буусан энэ үг 2013 онд Оксфордын англи хэлний тайлбар толинд оны үгээр нэрлэгдэж нийгмийн сүлжээнд жинхэнэ халуун тренд, солиорол бий болгож байсан. Хамгийн оргил халуун үе нь 2014 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр хөтлөгч Эллены "Брэдлигийн гар урт байсан болоосой" гэдэг селфи рекорд тогтоож түүх болж байсан юм.


Харин зарим селфи эзнийхээ нэр алдрыг сэвтээж байсан түүхтэй. 2015 онд Германы Канцлер Ангела Меркель Берлин хотод Сирийн дүрвэгсэдтэй уулзах үеэр нэгэн залуутай селфи даруулсан нь алан хядагч байсан гэх шуугиан тарьж байв.


2017 онд Иракын Мисс Сара Идан Израйлийн Мисстэй хамт авахуулсан "энх тайван ба хайр" гэсэн тайлбартай селфи зураг Арабын ертөнцөд шуугиан тарьсан юм.

Тэрбээр энэхүү зургаасаа болж эх орноосоо урвасан гэж ад үзэгдээд зогсохгүй улс нь иргэншлээсээ хасаж, миссийн титмийг нь хурааж авсан юм. 

Тэр ч байтугай Иракт байгаа гэр бүлийн гишүүдийнх нь амь насанд халдах аюул заналхийлэлд өртөх болсон эх орноосоо дүрвэн гарчээ.


2010 онд АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгчөөр нэрлэгдэж магадгүй байсан Конгрессийн гишүүн Антони Уайнер өөрийн цээж нүцгэн селфигээ жиргэснээс болж түүний улс төрийн карьер нь дуусаж байсан юм.


2013 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нелсон Манделагийн дурсгалыг хүндэтгэх ёслол дээр Данийн Ерөнхий сайд Хелле Торнинг-Шмит, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун нартай хөгжилтэй байдлаар селфидэж байгаа зураг олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Үүний дараа Данийн Ерөнхий сайд Хелле Торнинг-Шмит өөрийн тэргүүлдэг Социал демократ намын даргын ажлаа өгсөн юм.