УОК-ын даргын 5 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар  “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ыг шинэчлэн баталжээ.

Тус журмаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм сахиулах, ажил үйлчилгээг хэвийг явуулах арга хэмжээг зохицуулна. Салбар бүрийн мөрдөх журмыг тус бүрт нь гарган баталжээ.

Дээрх журамд тусгасан нийтийн зориулалттай орон сууц, нийтийн байрны үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хүргэж байна.


Нийтийн зориулалттай орон сууц, нийтийн байрны үйл ажиллагаанд энэхүү журам болон дараах тусгай нөхцөл, шаардлагыг мөрдөнө  

1. Халдвараас урьдчилан сэргийлэх заавар, санамж, зөвлөмжийг оршин суугчдад ил харагдахуйц байршуулах  

2. Монгол Улсын теле хяналтын камерын техникийн ерөнхий шаардлага MNS6423:2019 стандартын шаардлагыг хангасан хяналтын камер суурилуулах  

3. Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн болон цэвэрлэгээ, халдваргүйжүүлэх бодисын нэг сарын нөөцтэй байх  

4. Орцны хаалганы бариул кодын товчлуур шатны бариул цахилгаан шатны товчлуур унтраалга зэрэг хүний гар хүрч болох эд зүйлсийн гадаргууг хоёр цаг тутамд халдваргүйжүүлэх, хаалга, шат шатны бариулыг өдөрт хоёроос доошгүй удаа угааж цэвэрлэх  

5. Цахилгаан шатны товчлуурын дэргэд гар халдваргүйжүүлэгч байршуулах, тогтмол цэвэрлэгээ хийх, халдваргүйжүүлэх  

6. Орц болон зоорины давхарт сард нэг удаа ахуйн шавж мэрэгч устгал халдваргүйжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт /хаяг, шошгогүй хүчинтэй хугацаа дууссан, улсын бүртгэлд бүртгэгдээгүй бодисыг хэрэглэхгүй байх/ хийлгэх  

7. Хог хаягдлыг хуваарийн дагуу ачуулах, хогийн цэг, хогийн саванд халдваргүйжүүлэлт хийх, орцны гадна талд битүүмжлэл бүхий тагтай хогийн сав байрлуулах, хариуцсан талбайн хог, цас, мөсийг тогтмол цэвэрлэн, халтиргаа гулгааг арилгах  

8. Сууц өмчлөгчдийн холбоо нь цахим хаягтай байх ба оршин суугчдыг бүртгэх, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шийдвэрлэх, тайлагнах