УОК-ын даргын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д орсон анхаарах шаардлагатай зарим заалтын талаар танилцуулж байна. Үүнд:

-Гадаад улсаас ирэхдээ вакцины бүрэн тун хийлгээгүй, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй хүнийг тусгаарлан ажиглах байранд долоо хоног тусгаарлаж зургаа дахь хоногт “ПСУ”-ын шинжилгээ авна.

-Эрүүл мэндийн яамнаас “Анхаарал татаж буй хувилбарын мутацлагдсан вирус голомтлон бүртгэгдэж байгаа гадаад улс, орны жагсаалт”-ыг тухай бүрд нь гаргана. Тус жагсаалтад багтсан улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд оршин сууж байсан эсхүл 14 хоногийн хугацаанд дамжин өнгөрсөн хүнийг коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунгаа хийлгүүлснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвар авч эдгэрснээс үл хамааран тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлаж зургаа болон 12 дахь хоногт “ПГУ”-ын шинжилгээ авна.

– Тусгаарлагдах хугацаа дуусахад эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, “ПГУ”-ын шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлалтыг дуусгаж, долоо хоног гэрийн ажиглалтад шилжүүлнэ.

-Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар (КОВИД-19) авч эдгэрсэн, түүнийг нотлох баримт бичигтэй хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлахгүй. Долоо хоног гэрийн ажиглалтад шилжүүлнэ.

-Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвар авч эдгэрсэн, түүнийг нотлох баримт бичигтэй эцэг эх, асран хамгаалагчийн хамт зорчин яваа 18 хүртэлх насны хүүхдийг мөн адил тусгаарлахгүй бөгөөд долоо хоног гэрийн ажиглалтад шилжүүлнэ.