Засгийн газар өнгөрсөн ням гарагт хуралдаж, бүх айлын цахилгаан, хог, усны төлбөрийг, орон сууцных нь 100 метр/кв хүртэлх талбайн дулааны төлбөрийг энэ сарын 01-нээс 2021 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл тэглэхээр шийдвэрлэсэн. Үүнд зарцуулагдах 650 тэрбум төгрөгийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас гаргахаар зохицуулсан.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх шийдвэртэй холбоотой журмыг баталжээ.

Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Журамд хэрэглэгчийн эрх, үүргийг тусгайлан заасан. Тухайлбал, Цахилгааны төлбөрийг хөнгөлөх хугацаанд хэрэглэгчийн өнгөрсөн оны энэ үед хэрэглэсэн хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг төр хариуцна. Энэ хэрэглээнээс хэтэрсэн төлбөрийг хэрэглэгч өөрөө хариуцна. 

Төлбөрийг төр хариуцахаар болсонтой холбоотойгоор цахилгааны хэрэглээ огцом өсөж байна. Бид тохдорхой хэмжээнд өснө гэж тооцсон ч тооллоос өндөр болж байна. Ялангуяа 17:00-21:00 цагийн үед огцом давж буй учир энэ цагт ААН-үүд хэрэглээгээ 20 хувиар, айл өрх тодорхой хувиар бууруулах боломжийг бүрдүүлэхийг үүрэг болгож байна.

Мөн цахилгаан, дулааны аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж ашиглахыг хэрэглэгчдэд үүрэг болгож байна.

Төлбөрийг төр хариуцах шийдвэрийг гаргаснаас хойш цахилгаан, дулааны зүй бус, зохиомол хэрэглээ нэлээд гарч байна. Ашигладаггүй талбай, байраа цахилгаанаар халааж байна. Халаалтын зориулалтаар ашиглаж буй цахилгаан тоног төхөөрөмж, утас стандарт бус байгаа нь хэрэглээг нэмдэг. Үүнийг хязгаарлах журмыг гаргахаар боллоо.

Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед иргэд, ААН-ийн цахилгаан, дулааны төлбөрийг хөнгөлж буй нь зөв шийдвэр. Зохистой хэрэглэхийг уриалж байна" хэмээлээ.