Apple компани iPhone гар утаснуудаа албаар хуучруулж, гацааж эхэлдгийг та мэдэх үү. Итгэмээргүй байгаа биз. Шинэ гар утас гарахад л эхний update хийхийг шаардаж, ар араас нь хэдхэн хоногийн зайтай update хийдэг шүү дээ. Тухай бүрт нь Apple асуудал үүсгэж, үүнийгээ муудсан баттерейтай холбож тайлбарладгийг тогтоожээ. 

Geekbench-ийн хөгжүүлэгч Жон Пул энэ долоо хоногт олсон баримт нотолгоогоо дэлгэж, Apple үүнийг нь өчигдөр баталсан нь ихээхэн шуугиан болов. Литиум-ион баттерей цагийн эрхээр элэгдэж бага цэнэг хадгалдаг болдог. Та ийм зайтай төхөөрөмжөө байнга ашигладаг бол элэгдэх нь бүр л хурдан байна. Тийм учраас цэнэг зарцуулалтыг багасгах үүднээс ухаалаг утасны ажиллах хурдыг удаашруулдаг гэж Apple тайлбарлажээ. Ингэснээр утсаа удаан ашигладаг, гэнэт унтардаггүй гэнэ. 


Гэвч 700-100 долларын үнэтэй энэхүү гар утас ганц жил болоод л гацаж эхэлдэг нь үнэдээ яавч таарсан зүйл биш. Үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэг хэнд ч хэцүү. Утсыг гацаах нь насжилтаас хамгаалах арга байж болох ч үүнээс өөр олон арга бий. Наанадаж, илүү том баттерей суурилуулж болно шүү дээ. 

Эсвэл iPhone-ы хуучин баттерейг хямд, амар аргаар сольж, шинийг хийх боломж олгож, ингэснээр утасны ашиглалт сайжирна. Apple баттерей солих үйлчилгээгээ 79 доллараар үнэлдэг, гэвч үүний тулд та утаснаасаа хэдэн өдрөөс, хэдэн долоо хоног салах хэрэгтэй болно. Түвэгтэй. 

Ухаалаг гар утас хэрэглэгчдийн дийлэнх нь нэг жил болоод л утсаа шинээр нь солих ёстой гэсэн төөрөгдөлд амьдардаг. Дасал болсон утас нь гацаад ирэхээр хэнд ч тийм бодол төрөх нь зүй. Гэтэл үнэн хэрэгтээ хуучирсан баттерейгээ солиход л хангалттай байдаг. 

Apple компаниас iPhone 6, 6S, SE, 7 загварын гар утасныхаа ачаалах хурдыг ийнхүү багасгаснаа хэлжээ. Түүнээс өмнөх утаснуудаа удаашруулсан, эсэхээ мэдэгдээгүй ажээ. Түүнчлэн процессороо хэдэн хувиар удаашруулдг нь ч тодорхойгүй үлдлээ. Зах зээлд буй ухаалаг гар утас үйлдвэрлэгчид бүгд л баттерей, процессорын асуудалтай учраас ганцхан Apple ингэдэг гээд тунхаглачихаж болохгүй. Гэхдээ ямартай ч баттерейг нь солих боломжтой ухаалаг утас гацах нь бага гэж ойлгож болно

Apple-ын зүгээс бол бид бүхний гар утасны насжилт, хэрэглээг уртасгах гэж, хамгаалах үүднээс ингэдэг гэж хэлсэн. Харин дэлхий даяар iPhone хэрэглэдэг 700 сая хүн тэднийг дараагийн загварын утсаа шахах гэж хуучин утсаа гацаадаг гэсэн бодлоо тийм ч амар гээхгүй л болов уу. Ганц үнэн гэвэл сая, сая төгрөг төлж авсан утас нь ганцхан жил болоод “акт”-луулж байгаа юм. 

Бүх л баттерей цагийн эрхээр элэгдэнэ. Үүнийг Apple компани хамгийн сайн мэдэж байгаа. Тиймээс л зах зээлд байгаа хамгийн өндөр үнэтэй гар утсандаа нэгээс дээш жил хэрэглэж болохуйц, чанартай баттерей хийх хэрэгтэй гэж хэрэглэгчид, технологийн мэргэжилтнүүд үзэж байна. Хэрэглэгчид нэн түрүүнд чанартай, хурдтай, удаан хэрэглэх утас хүсэж байгаа. Нимгэн, хөнгөн, ягаан, алтлаг өнгөтэй, эсэх нь үргэлж дараагийн харгалзах зүйл байдаг шүү дээ.