Их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоолоо

Б.Баясгалан
01 сарын 26, 2020

Шинэ коронавирустай холбоотой асуудлаар Засгийн газар өнөөдөр хуралдаж, их, дээд сургуулиуд болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ныг хүртэл хаах шийдвэр гаргалаа. 

Мөн тус вирус дэгдсэн Үхань хотод буй оюутнуудаа татаж авах, хилээр орж гарч байгаа зорчигч, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах эсэх зэрэгтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан бусад шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин 13.00 цагт мэдээлэл хийнэ.

Өнгөрсөн баасан гарагт Улсын онцгой комисс хуралдаж, төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг дээрх хугацаанд хаахаар шийдвэрлэсэн юм.

2020 оны 01 дүгээр 26-ны өдрийн 9:00 цагийн байдлаар:

Дэлхийн эрүүл мэндийн  байгууллагын мэдээгээр шинэ Коронавирусийн халдвараар 1318  хүн өвчилж,  41 хүн нас барсан. БНХАУ-д 1287, Тайванд 3, Макаод 2, Хонгконгд 5, Японд 2, БНСУ-д 2, Сингапурт 3, Вьетнамд 2, Австралид 1, АНУ-д 2, Тайландад  5, Непалд 2, Францад 3 хүн өвчилсөн.

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 08:50 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусын халдвараар 1975 хүн өвчилж, 56 хүн нас барсан, 324 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан.

БНХАУ-ын Өвөр Монголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. 

Та үр хүүхэд, гэр бүлээ шинэ коронавирусийн халдвараас дараах энгийн 3 аргаар сэргийлж  чадна.

  1. Гараа тогтмол савандаж угаах
  2. Амны хаалт заавал зүүх
  3. Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх 

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.