Их Британийн мал эмнэлгийн ахлах мэргэжилтний хэлж байгаагаар нэгэн муурнаас коронавирус илэрсэн нь тус улсын хувьд уг вирус илэрсэн анхны амьтан болжээ. Сайн мэдээ гэвэл эзэн болоод амьтан хоёул эдгэрсэн байна.

Муурны шинжилгээний хариу энэ сарын 22-ны өдөр гарчээ. Засгийн газрын мэдээлж буйгаар тус муур нь коронавирусийн халдвартай анхны амьтан байсан бөгөөд эзэн нь муурнаасаа халдвар авсан гэх нотолгоо байхгүй аж. Харин цуглуулсан баримтуудаас үзэхэд тус муурын эзэд нь коронавирусийн халвдартай гарч байсан ба вирусийг эздээсээ авсан гэж үзэхэд хүргээд байгаа юм.

Эхэндээ муурыг херпэс буюу муурын төрлийн амьтан түлхүү өвчилдөг өвчин туссан байна гэж оношилж байсан ч судалгааны зорилгоор коронавирусийн шинжилгээ авахад эерэг гарчээ.

Мал эмнэлгийн ахлах мэргэжилтний хэлснээр энэ нь маш ховор үзэгдэлд тооцогдож буй аж. Учир нь клиникийн цөөн хэдэн шинж тэмдэгтэй байсан амьтнаас коронавирус илэрч, хэдхэн хоногийн дотор эдгэрсэнд байна.

Түүнчлэн Английн нийтийн эрүүл мэнд хариуцсан газрын захирал "Энэ бол түгшүүрийн шинж биш. Амьтнаас хүнд дамжсан гэх ямар ч баталгаа байхгүй" хэмээн мэдэгдсэн байна.


Эх сурвалж: CNN