Их Британи улс жолоочгүй автобус нэвтрүүлж эхэллээ

М.ОЮУ-ЭРДЭНЭ
05 сарын 15, 2023

Эхний ээлжинд Шотландын зүүн хэсэгт байрладаг Forth Road Bridge гэх дүүжин гүүрээр зорчигчдоо тээвэрлэх бөгөөд цагт 50 милийн хурдтай зорчих аж.


“Анхны жолоочгүй автобус учир иргэд санаа зовж, болгоомжилж байх шиг байна. Та бүхэнд хандаж хэлэхэд энэ бол нийтийн тээврийн хэрэглээнд нийцсэн, аюулгүй байдлыг бүрэн хангасан унаа” гэж Stagecoach-ийн захирал Сэм Грир хэлжээ.


Шотландын Зам тээврийн сайд Кевин Стюарт анхны үйлчлүүлэгчдийн нэг болж тус автобусаар зорчсон аж.

Stagecoach нь жолоочгүй автобусыг 2019 оноос эхлэн нийт нэг сая миль замын уртад туршиж үзсэн бол цаашлаад 2025 он хүртэл туршилтын журмаар цөөн тооны автобус үйлчилгээнд нэвтрүүлэн ажиллахаар болоод байна.  


Олон нийтийн сэтгэгдэл, санал хүсэлтэд үндэслэн дүн шинжилгээ хийж, цаашид илүү өргөн хүрээнд ашиглах зорилгоор “Ferry Toll park-and-ride” болон “Edinburgh Park” гэсэн маршрутаар нийт 5 автобус ажиллуулахаар төлөвлөжээ.


Автомат жолоодлоготой автобус нь алсдаа хамгийн найдвартай, аюулгүй тээвэр болохоос гадна эдийн засгийн хувьд ч хэдэн арван тэрбумын ашиг оруулах асар том боломж хэмээн үзэж байгаа аж.


Эх сурвалж: dailymail

 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.