Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
10 сарын 24, 2024
Их Британийн Засгийн газраас ирэх оны зургаадугаар сараас эхлэн нэг удаагийн электрон тамхи худалдаалахыг хуулиар хориглохоо мэдэгдлээ.
Электрон тамхины байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их байдгаас гадна нийгмийн эрүүл мэндэд аюул учруулж байгаа тул дээрх шийдвэрийг гаргаж байгаагаа мэдээлсэн байна.
Нэг удаагийн электрон тамхийг дахин боловсруулахад хүндрэлтэй байдаг. Тиймээс ихэнхдээ хогийн цэгт хаягддаг бөгөөд батерей нь лити, мөнгөн ус зэрэг хорт бодис агуулдаг тул хөрсийг ихээр бохирдуулдаг байна.
Үүгээр зогсохгүй батерей дэлбэрснээс болж автомашин шатаж, ахуйн гал түймэр гарсан тохиолдол хэд хэдэн удаа гарчээ.
Их Британийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн газрын өгсөн тоон мэдээллээр өнгөрсөн жил таван сая орчим нэг удаагийн электрон тамхины хаягдал хогийн цэгт хаягдсан байна. 2022 онтой харьцуулбал энэ нь дөрөв дахин өссөн үзүүлэлт ажээ.
Сүүлийн жилүүдэд өсвөр үеийнхний тамхины хэрэглээ эрс нэмэгдсэн. Одоогоор тэдний эрүүл мэндэд ноцтой аюул учраагүй ч урт хугацаандаа гарах сөрөг нөлөө их байж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.