Дэлгүүр, худалдааны төвүүдийн лангуу хүүхдийн яг нүдэнд харагдаж, гарт баригдахуйцаар элдэв амттан шимттэнээ өрдгийн нэгэн адил vape буюу электрон тамхи ч өнгө өнгөөр, төрөл бүрийн үнэр амтаар, ер нь ёоз ёозоороо өрөөстэй байх болсоор удаж буй. 

Томчуудын хувьд уршгийг нь мэдэхгүй бол “дүүрч” гэж бодоход Монголд ид өсвөр насны хүүхэд багачууд энэ “хор”-нд живж дуусах нь ээ. Тэдний зарим нь баян айлын, тансаг хэрэглээтэй хүүхэд болж харагдахын тулд түүнийг сонгодог бол зарим нь чамирхал, хээнцэрлэл, гангараа болгон хэрэглэдэг гээд бодохоор үнэхээр харамсалтай. 

Эцэг, эхчүүд ядаж өсвөр насны хүүхдүүддээ vape буюу электрон тамхи нь утаат тамхитай адил хэмжээний никотин агуулдгийг ойлгуулахгүй бол нэг л мэдэхэд үр хүүхэд чин үхлийн хаалга тогшоод зогсох эмгэнэлт хувь заяа ирэхгүй гэх баталгаа алга. 

Дэлхийн 30 гаруй оронд “хортой” хэмээн оруулахыг хориглосон энэхүү электрон тамхийг Монголд “цахилгаан бараа”, төхөөрөмж гэх зэрэг нэршлээр, онцгой албан татвараас “зугтаалгаж”, ямар ч хяналтгүй оруулж ирсээр, тэр хэрээр бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачууд хордсоор байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн нарийвчилсан судалгаанаас харахад, электрон тамхи нь янжуур тамхинаас донтуулах явц нь найм дахин илүү аж. Өнөөдөр Монгол Улсад Тамхины хяналтын тухай хуультай холбоотойгоор утаат тамхийг олон нийтийн газарт татаж болдоггүй бол vape-ийг хаана ч татаж болдог бөгөөд донтуулах эрсдэлийг улам л нэмж байна.  

Электрон тамхи нь тархины цусан хангамж, ой тогтоолтыг маш ихээр муутгадаг. Электрон тамхийг байнга хэрэглэснээр аажимдаа толгой байнга өвддөг болно. Ой тогтоолт огцом муудна. Өсвөр насныхны хувьд дааврын өөрчлөлт нь жигд явагдах ёстой атал энэ хөгжлөө өөрийнхөө хувьд блоклож байна гэсэн үг. 

Ирээдүйд энэ хүн ямар нэгэн уушгины асуудалтай, эсвэл тархи толгойны ямар нэгэн өвчлөлтэй болох өндөр эрсдэлтэй. Хэрвээ электрон тамхи vape-ийг хэрэглээд удаагүй бол нэн даруй болих хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Электрон тамхины хэрэглээний судалгаанаас харвал Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэний 24.2 хувь нь электрон тамхи татдаг. Үүнээс эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3, 13-15 насны хүүхдийн 14.3 хувь нь тамхи татдаг байна.

Монгол Улсад 2017-2019 онд импортоор оруулж ирсэн электрон тамхины хэмжээ 68 дахин нэмэгдэж, хэрэглээ ч өссөөр байна. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид электрон тамхийг хил, гаалиар нэвтрүүлэхдээ цахилгаан бараа, төхөөрөмж, аппарат гэх зэргээр нэрлэж мэдүүлдгээс утаат тамхи шиг хяналт тавих боломжгүй байдаг ажээ. Иймд электрон тамхийг хуульчлах, дотоод орчинд татахыг хориглох, үйлдвэрлэх, экспортлох, импортлох тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хууль эрх зүйн орчинд хэлэлцүүлэх нь зүй юм.

Саяхан Монгол Улсын иргэд БНХАУ-ын агаарын тээврийн компаниар зорчих үедээ онгоцны бүхээгт электрон тамхи татсан тохиолдол гарчээ. 

Онгоцны бүхээгт тамхи, электрон тамхи зэргийг татсан тохиолдолд БНХАУ-ын “Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу 10000 хүртэлх юаниар торгох, 5 хоногийн хугацаанд саатуулах, хүндэвтэр гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хуулийн зохицуулалттай байдаг байна.

VAPE-ИЙН ХОР УРШИГ  

Электрон тамхи нь никотин агуулсан уусмалыг халааж ууршуулан, уур хэлбэрт оруулж буй цэнэгтэй төхөөрөмж юм. Энэхүү VAPE буюу электрон тамхинаас шалтгаалсан өвчлөл, нас баралт олон улс оронд бүртгэгджээ. 

Электрон тамхи ихээр татсанаар шинэ төрлийн уушгины өвчин бий болсон байна. Үүнийг EVALI гэх бөгөөд англиар e-cigarette or vaping use-associated lung injury гэж нэрлэжээ. 2019 оноос эхлэн энэ өвчнийг шинээр бүртгэх болсон байна. 

Vape-ийн уур тамхинд донтуулагч никотин агуулахаас гадна глицерин бусад химийн бодис, хүнд металлууд мөн агуулагддаг байна. Хоргүй гэх хуурамч сурталчилгаанд итгэсэн хэрэглэгч нар тамхи, никотиний хамаарлаас гарах бус, бүр илүүтэй орж донтож байгааг эрдэмтэд анхааруулж буй юм. 

Огт тамхи татаж үзээгүй хүүхдүүд энэ бүтээгдэхүүний гол хэрэглэгч болж, тамхины хэрэглээ эрс нэмэгдэж, 10-20 жилийн дараагаас эхлэн зүрх судас, уушгины өвчлөл ихсэх хандлагатай байгааг зүрх судас, уушгины эмч нар анхааруулж байна.

Электрон тамхинд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй маш олон төрлийн бодис байгааг илрүүлжээ. Үүнд: 

Никотин – донтуулах үйлчилгээтэй,өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх,

Propyleneglycol – юмсыг хөлдөөхгүй байлгах болон мананцрын машинд хиймэл утаа бий болгоход хэрэглэдэг бодис.

Diethyleneglycol – уушгины өвчин үүсгэгч, хөлдөхөөс сэргийлэх химийн хорт бодис.

Ацетилальдигид болон формальдегид – хорт хавдар үүсгэгч химийн нэгдэлүүд.

Бензол – хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Акролеин (Acrolein) – гербицид буюу ургамлын хор бүхий хогийн ургамал устгах хор бөгөөд уушги гэмтээх аюултай.

Диацетил (Diacetyl) – bronchiolitis obliterans гэж нэрлэгдэх уушгины өвчин үүсгэгч химийн нэгдэл

Никель, цагаан тугалга, хар тугалга гэх мэт хүнд металууд хорт хавдар үүсгэнэ.

Кадми (Cd) – амьсгалын замын асуудал, өвчин үүсгэгч утаат тамхинд агуулагддаг хорт метал

Ultrafine - амьсгалах үед уушгинд орох нарийн ширхэгт тоосонцор зэргийг тус тус агуулдаг байна.

Электрон тамхи татаж байгаа хүн өөрийгөө хянах боломжгүй байдаг аж. Учир нь утаат тамхи татаж дуусахад тамхиа дууслаа гэсэн дохио тархинд очдог бол электрон тамхины хувьд зогсох дохио өгөх зүйлгүй учраас татсаар л байдаг сөрөг талтай. Мөн дотоод орчинд татаж байгаа нь байнга татах зуршил бий болгож, никотинд илүү хордон донтох шалтгаан болж буй аж.

Хэтрүүлж хэрэглэсэн үед толгой дүүрэх, чих шуугих, толгой эргэх, хөл эсвэл бие бүхэлдээ сульдах, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Энэ нь цусанд никотиний хэмжээ ихэсч буйг илтгэх бөгөөд зүрх зогсох хүртэл аюултай.

ДЭМБ-аас электрон тамхи болон никотин ялгаруулдаг бусад бүтээгдэхүүний борлуулалтыг хязгаарлахыг зөвлөсөөр байна

Монгол Улс ч мөн адил электрон тамхийг утаат тамхины адил дотор орчинд татахыг хориглож, насанд хүрээгүй хүүхэд, дэлгүүрийн лангуунд болон ил задгай худалдаалахыг хориглохоор хуулийн хэлэлцүүлэг хийж, тамхины хуулийн төслийг хэлэлцэхээр УИХ-ын 2022 оны хаврын чуулганд хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан ч өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй хэвээр байна

Электрон тамхи цаашид хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг таашгүй. Учир нь уламжлалт тамхитай харьцуулахад цөөн тооны хүн хэрэглэдэг тул өргөн хэмжээний судалгаа хийж дуусаагүй байгаа аж. Тамхи, электрон тамхины аль аль нь хортой учраас хоёуланг нь хэрэглэхгүй байх нь чухал юм. 

Мөн 18 насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдаалах, зар сурталчилгааг хязгаарлах, сургуулийн орчимд электрон тамхи заруулахгүй байх, хэвлэл мэдээлэл олон нийтийн сувгаар сурталчлахгүй байх нь цаашид илүү олон хүүхэд, өсвөр үе, насанд хүрэгчид энэхүү тамхинд орж, эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлэх билээ.