Х.Оргил
09 сарын 03, 2021
Хүүхэд залуучуудын нийгэм дэх нөлөөг нэмэгдүүлэх, тэднийг нээлттэй сэтгэлгээтэй, чадварлаг, идэвхтэй иргэд болгон төлөвшүүлэх зорилгоор дэлхийн улс орнууд хүүхэд залуучуудын парламент хөтөлбөрийг хэрэгжүүлсээр иржээ. Энэхүү хөтөлбөр нь залуучуудад өөрсдийн орны шийдвэр гаргагчдад шууд нөлөөлөх боломжийг бүрдүүлж өгсөнөөрөө онцлог байдаг.
Сүүлийн жилүүдэд ийм төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй улс орнуудын тоо нэмэгдэх болсон нь 21-р зуунд хүүхэд залуучуудын нийгмийн идэвх, нөлөөлөл, дуу хоолой илүү хүчтэй болж буйн шинж тэмдэг юм.
Ази тивд Малайз, Энэтхэг, Пакистан зэрэг орнуудад Хүүхэд, Залуучуудын Парламентууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж залуучуудад нийгэмдээ хүчтэй нөлөөлөх боломжийг олгож байна. Тухайлбал Малайзын Залуучуудын Парламентийн бүтэц нь Малайзын Парламенттай ижил ба гишүүд нь асуудал эрхэлсэн байнгын хороонд хуваагдан ажилладаг байна. Байнгын хороо тус бүр Малайзын өнцөг булан бүрээс ирсэн ялгаатай харах өнцөгтэй хүүхдүүдийг нэг баг болгон ажиллуулж, гишүүдийн хоорондын нөхөрлөл, нээлттэй сэтгэлгээг хөгжүүлдэг ажээ.
Тэд тодорхой асуудлын хүрээнд нээлттэй хэлэлцэн мэдлэг чадвараа сорихын сацуу үе тэнгийнхнээсээ суралцаж, Малайзын Парламент-д хүүхэд залуучуудын оюунаар бүтсэн хуулийн төсөл, зөвлөмжүүдийг хүргүүлдэг билээ.
Жишээ нь тэд Малайзад хэн бүрийн яриад байдаггүй өсвөр үеийнхэн, залуучуудад бэлгийн боловсрол олгох талаар компанит ажил хийж, Малайзын Парламент, ард иргэдийн анхаарлыг ихэд татаж чаджээ.
Үүнтэй ялгаагүй Европ тивийн Их Британи , Шотланд , Грек зэрэг олон улсад залуусын парламент байдаг ба тэдний хамгийн том нь Герман улсад төвтэй Европын Залуусын Парламент юм. 40 улсын 30’000 гаруй залуу гишүүдтэй энэхүү байгууллага нь Европ даяар жил бүр 500 гаруй хүүхэд залуусын өөрсдөө удирдсан нийгмийн нөлөөлөл, асуудал шийдэх үйл ажиллагаа, төслүүдийг зохион байгуулдаг байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан хүүхэд, залуус илтгэх, сэтгэх, гүйцэтгэх зэрэг хувь хүний чадваруудаа өндөр түвшинд хөгжүүлээд зогсохгүй үе тэнгийнхэндээ зориулсан шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын том хэмжээний төслүүдийг удирдан зохион байгуулж байна.
Шинэ Зеландын Залуусын Парламент л гэхэд 2019 онд сэргээгдэх эрчим хүчийг ихэсгэх хуулийн төсөл боловсруулсан бол Австралийн YMCA Хүүхэд, Залуусын Парламент хүний эрх, цагаачдын асуудлаар Австралийн эрх баригчдад үзэл бодол, байр сууриа хуваалцаж, хуулийн төслүүдэд санал хүргүүлдэг ажээ.
Нийгэм олон нийтийн дунд яригддаггүй, тэр болгон анзаарагдаггүй асуудлуудыг хүүхэд залуучууд олж харж хөндөн, шийдэл олж, хууль тогтоогчдод болон олон нийтийн анхаарлыг хандуулж буй нь бахархууштай юм. Хүүхэд залуучууд аливаа асуудалд өөр талаас шинэлэг өнцгөөр хандаж, шийдэл гаргах боломжтойг олж харсан улс орнууд өсвөр үе, залуусын парламентын хөтөлбөрийг хэрэгжүүлж, үр дүнг нь үзэж, амжилттай ажилласаар байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.