Д.Бадарч: "Тогтвортой хөгжлийн боловсрол бол хүний насан туршийн мэдлэг"

БШУЯ, БОАЖЯ болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” (ТХБ-II) төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” арга хэмжээг энэ долоо хоногт зохиож байгаа билээ.

Хэлэлцүүлэгийг нээж Ардын багш ШУТИС-ийн "Нээлттэй боловсрол" төвийн зөвлөх, доктор, профессор Д.Бадарч "Тогтвортой хөгжлийн боловсролын талаар баримталж буй бодлого-Олон улсын байгууллагуудын туршлага" сэдвээр илтгэл тавьлаа. Түүний илтгэлээс онцлон хүргэе.

1960-аад оныг Лондонгийн утаанаас болж хэдэн мянган хүн амь насаа алдсан, мөн Японы Минамата боомтод гарсан үйлдвэр мөнгөн ус хэрэглэж хэчнээн хор хөнөөлтэй болохыг олон мянган хүн амиа золин ойлгуулж, гашуун сургамж бий. Дэлхийд 1960-аад дөрөвдүгээрт ордог байсан Аралын тэнгис гэхэд тав дахин багасаж 16 дугаарт орж байна. 

Энэ бүхэн бидэнд юу хэлж байна вэ?


"Хүн төрөлхтний цаашид амьдрах цорын ганц зам бол байгаль орчноо хамгаалах юм. Энэ үзэл санааг олон улсад 1970-аад оноос хүлээн зөвшөөрч эхэлсэн. 

1969 онд доктор Медоуз "Өсөлтийн сэтгэлгээ" хэмээх илтгэл байгаль орчны хөдөлгөөнийг өрнүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. 

Энэ мэтээр тогтвортой хөгжлийн асуудалд хүн төрөлхтөн анхаарч ирсэн. Энэ бол байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийг тэнцвэртэйгээр хөгжүүлэх ухаан юм.

Өдгөө дэлхийн хэмжээний асуудал болж 2015 онд дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай хамтран тогтвортой хөгжлийн зорилтыг дэвшүүлсэн.


Тогтвортой хөгжлийн боловсролыг эзэмшиж чадвал тогтвортой хөгжлийн төлөө бодитой үр нөлөө үзүүлнэ

Доктор, профессор Д.Бадарч тогтвортой хөгжлийн боловсролын тухай ярихдаа Ж. Руссо "Хүүхдийн хүмүүжилд байгаль орчин, ойр дотны хүмүүс, юмс үзэгдэл нөлөөлдөг" гэж үзсэн байдаг.  

Үнэхээр ч бага насны хүүхэд ойр дотны хүмүүсийнхээ үг үйлдлээс суралцдаг. Үүний зэрэгцээ хүрээлэн буй орчин, юмс үзэгдлийн шинж байдлыг ажиглаж байж шинэ зүйлийг сурч мэдэн түүндээ дасан зохицдог. Цэцэг үнэрлэж, шувуудын жиргээг сонсоогүй хүүхэд байгалийн сайхныг мэдрэхгүй. Байгаль орчны ном карт үзэх нь хангалтгүй, гол нь орчинтой нь танилцуулж байж сурдаг. 

Ингэж эх дэлхийнхээ байгалийн сайхныг таниагүй, мэдрээгүй хүүхдэд байгалиа хайрла гэж мянга хэлээд ч нэмэргүй юм.

Ажиглалт гэж хүүхдийг сэтгэн бодоход, танин мэдэхэд ийм чухал үүрэгтэй зүйл.

Иймд газар зүй, физик зэрэг байгалийн ухааны хичээлийг ном сурах бичгийн хамт байгальтай таниулах практик хичээл орвол үр дүнтэй.

Нөгөөтэйгүүр тогтвортой хөгжлийн боловсрол зөвхөн албан боловсрол буюу сургуулийн хүрээнд ярих асуудал биш. Хүний насан туршид боловсролын бүхий л хэлбэрүүдэд албан бусаар зааж, сургаж байх ёстой. Ахуй орчин нь хүн бүрд шинэчлэхэд шаардлагатай амьдралын хэв маяг, зөв  хандлага, үнэт зүйлсийг мэдэж хэрэгжүүлэхэд нь ч нөлөөтэй байдаг. " гэлээ.

"Мэдлэг-Чадвар- Хүмүүжил"-ийг  нэгтгэвэл ЦОГЦ чадамжтай болно  

Түүнчлэн тэрбээр "Хүүхдүүдэд аливаа зүйлийг зааж, хэлэхээсээ урьтаж сурах арга зүйд чиглүүлэх шаардлагатай байна. Багш сурган хүмүүжүүлэгчид өөрийн мэддэг зүйлсээ л оюутан, сурагчдадаа хэлж өгснөөр мэдлэг өгч байгаа нь хангалтгүй. Ийм аргаар хүн суралцдаггүй, харин танин мэдэх хүслийг нь өдөөх, өөрсдөө бие даан судлах, шинийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэл, хандлагыг суулгах хэрэгтэй. 

Өөрөөр хэлбэл суралцахад сурах арга барилд шилжиж байна.

Олон улсад "Мэдлэг-Чадвар- Хүмүүжил" гэсэн гурван зүйлийг нэгтгэж байж ЦОГЦ чадамжтай иргэн төлөвшинө гэж үзэж байгаа. 

Ганцхан мэдлэг эсвэл чадвар эзэмшээд хангалтгүй юм. 

Эдгээрийг нэгтгэсэн цогц чадамж гэдгийг ойлгохын тулд дараах ойлголтыг авч үзэх хэрэгтэй

1. Системийн сэтгэлгээ: 

Энэ бол нийгэм эдийн засаг, байгаль орчны системүүдийг хамтад нь авч үзэж, тэдний хоорондын уялдаа холбоог илрүүлэхэд ач холбогдолтой. Улаанбаатарын агаарын бохирдлын асуудлын цаана ганц нүүрсний утаа биш эдийн засгийн хүчин зүйл гээд олон зүйл нөлөөлж байгаа.

2. Орон зайн цогц чадамж:

орон нутгийн асуудлыг авч үзэхдээ дэлхийн хэмжээний үр дагаврыг тооцож үзэж чаддаг байхыг хэлж байна.

3.Цаг хугацааны цогц чадамж:

Нэг талаас өнгөрсөн түүхээ сайн танин мэдэж, нөгөө талаас ирээдүйгээ харж чадахыг хэлж байна.

4. Мэдлэгийн салбар хоорондын цогц чадамж

Энэ нь нарийн ээдрээтэй асуудлыг шийдэх чадварыг олгоно.

5.Соёлын цогц чадамж:

Энэ бол бусдыг соёлын ялгаатай байдлыг хүндэтгэн хамгаалах, соёлын өвөө хайрлаж нандигнах чадвар юм.

 Олон улсад тогтвортой хөгжлийн боловсролыг олгох 60 гаруй мянган сургууль бий болоод байна.

Энэ нь хүн аливаа зүйлийг хийхэд мэдлэг, мэдээлэлтэй байхын сацуу оролдож турших ур чадвар зайлшгүй шаардлагатай. Мөн тухайн хүний суурь хүмүүжил, хандлага нь ямар ч ажлыг хийхэд хамгийн чухал зүйл гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрсний илрэл. Иймд хүүхдийн мэдлэг, чадвар, хандлагыг өв тэгш хөгжүүлснээр сайн иргэний бэлтгэж чадна" гэж ярьсан юм.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.