ЕБС-иудад ухаалаг хогийн сав байршуулж эхэллээ

Хүдэрчулууны Хулан
03 сарын 24, 2026

Улаанбаатар Зам аж ахуйн газраас хог хаягдлыг ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн хүүхдүүдэд зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор ухаалаг хогийн савыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төв болон үзвэр үйлчилгээний газруудад байршуулж эхэллээ.

Ингэж хүүхдүүдэд хог хаягдлыг ангилан ялгах зөв дадал хэвшлийг бий болгохын зэрэгцээ Улаанбаатар хотын ногоон оноог нэмэх зорилготой. Ногоон оноо цуглуулснаар дахин боловсруулах боломжтой хог хаягдал эдийн засгийн эргэлтэд орж, үр өгөөжөө өгөх чухал хөшүүрэг болох аж. Нийт 200 хогийн сав байршуулах бөгөөд өнөөдрийн байдлаар 76 хогийн савыг суурилуулаад байна.

Энэхүү хогийн сав хиймэл оюун ухаанд суурилан лааз, хуванцар, цаас, металл зэрэг хогийг автоматаар ангилан ялгах боломжтой учир хүүхдүүдэд бодит дадал суулгахад ихээхэн ач холбогдолтой. Тухайлбал, "Хог хийх" товчийг дарж хогоо хийсний дараа "Хаах" товчийг дарна. Дараа нь "Хотула" аппликэйшнд нэвтэрч QR код уншуулснаар зургаан оноо нэмэгддэг байна. Ингэж ногоон оноо цуглуулснаар "Хотула" аппликэйшний цэсээр дамжуулан худалдан авалт хийх боломжтой аж.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.