Байгальд ээлтэй, эко хэрэглээг Монголдоо анхлан нэвтрүүлсэн “Лхамур” брэнд бүтээгдэхүүнийхээ хуванцар савыг буцаан авдаг болоод удаагүй байна. Энэ талаар тус брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулантай ярилцлаа.


-Бүтээгдэхүүнийхээ хуванцар савыг дэлгүүртээ цуглуулж, дахин ашиглах болсныг хүмүүс эерэгээр хүлээж авсан. Дууссан бүтээгдэхүүнийхээ савыг  буцааж өгөхөөр зорьж ирдэг хүн хэр их байна вэ ? 

-Мэдээж нийгмийн сүлжээнд эерэгээр хүлээж авч байгаа нь олон. Бодит байдал дээр манай бүтээгдэхүүний үнэнч хэрэглэгч нар голдуу ийм хэвшилтэй суралцсан нь анзаарагдсан.

Утасдаад “10-20 сав цуглуулчихлаа” гэдэг, эргүүлэн татах цэгтэй болчихсон юм уу гээд ярьж байна. 

Хог хаягдлаа дахин боловсруулж, дахин ашиглах нь байгальд ээлтэй шийдэл гэдгийг мэдэх хүн олон ч бодитоор хэрэгжүүлэхэд амар ажил биш. Өдөр тутмын амьдрал дээрээ хэрэгжүүлдэг хүмүүс нь цөөн байна.


-“Lhamour” брэнд хэрэглэгч нартаа танигдаад долоон жил болж байна. Энэ хугацаанд хэрэглэгчдийн хандлагыг хэрхэн өөрчлөгдсөн гэж харж байна вэ? 


- Манайх анхнаасаа л үйлдвэрлэгчийн хувьд байгальд ээлтэй байж болох вэ гэдэг тал дээр ач холбогдол өгч ажилласан. 

Эхэндээ хүмүүс тэр бүр ойлгодоггүй байлаа. Бор цаасаар хийсэн нэрийн хуудсыг маань хараад шоолонгуй хандах газрууд ч таарч байв. Дахин боловсруулсан цаасаар савангаа ороогоод өгөхөөр “Ямар царай муутай баглаа боодол вэ, барааны саван юм уу” гээд л дургүйцнэ.

Тэр бүрд өөрсдийн үзэл санаанд бат зогсож, яагаад гялгар уут өгдөггүй гэдгээ тайлбарлаж өгнө. Ингэж олон дахин тайлбарласны эцэст нэг ч болтугай хүн бодлоо өөрчлөгдсөн гэдэгт итгэдэг.

Бичлэг үзэх:

-Хүмүүсийн хандлагаа хэрхэн өөрчилсөнтэй холбоотой мартагдахааргүй тохиолдол байгаа юу?

-Дэлгүүрийн үйл ажиллагаа эхлээд удаагүй, дахин боловсруулсан цаасан уутаа захиалж амжаагүй байсан үе юм. Нэг үйлчлүүлэгч маань уут өгсөнгүй гээд нэлээд бухимдангүй үг хаяж байгаад гараад явсан. Худалдагч охид маань яаж ойлгуулах учраа олохгүй, сандралдаад л үлдсэн. Тухайн үед ууртай гарсан үйлчлүүлэгчийн авсан бүтээгдэхүүн нь арьсанд нь таарч, манай байнгын хэрэглэгч болсон. Дараа ирэхдээ цаасан уут ч аваагүй “Уут хэрэггүй ээ. Би өөрөө цүнхлээд явчихна.” гэж инээмсэглэн хэлэхэд нь маш их баярлаж билээ.


Нэг ч гэсэн хүний хэвшмэл ойлголтыг өөрчилж эерэг дадлыг ойлгуулна гэдэг маш том өөрчлөлт шинэчлэлт. Нэг хүний цаана гэр бүл, хүүхэд, найз нөхөд нь гээд олон хүн бий.  Нөлөөгөөр өдөр тутмын хэрэглээндээ бага ч гэсэн өөрчлөлт оруулсанд бидний үнэ цэн бий.


-Байгаль ээлтэй үйлдвэрлэл явуулах зардал үйлдвэрлэгчид  үнэтэй тусдаг уу?

-Өртөг хамаагүй илүү гардаг ажил л даа. Наад зах нь дахин боловсруулсан цаасан уутны үнэ гялгар уут бөөндөж авснаас хэд дахин илүү өртөгтэй. Гэхдээ үнэ хямд, ашиг их гэж бодож бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл “Lhamour” биш болчихно шүү дээ.

Дэлхий даяар олон гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэр бий. Брэнд болгон өөрсдийн гэсэн үнэ цэн, ялгаралтай. Манай гол онцлог бол “Өөрийгөө хайрла, бусдыг хайрла, эх дэлхийгээ хайрла” гэсэн уриа. Байгальд үл шингэх, хортой түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэчихээд байгалиа хамгаалъя, хайрлая гэж болохгүй шүү дээ.


-Хэрэглэгчид шошгоны цаадах түүх, соёлыг нь хүндэтгэн үзэх болжээ. Бусад үйлдвэрлэгч нарт юу гэж уриалах вэ?

-Намайг анх байгальд ээлтэй бүтэгдэхүүн, тогтвортой хөгжил гээд ярихаар мэддэггүй, гайхдаг хүн олон байлаа. Одоо бол зөвхөн хувь хүн, хэрэглэгч гэлтгүй маш олон байгууллага өөрчлөгдсөн. Харин ч аж ахуйн нэгжүүд, байгууллага бүр хийх л ёстой зүйл гэдгээ ойлгож байна. Байгууллага ийм эко соёлыг бүрдүүлж эхэлбэл хэрэглэгчид нь ч дагаад өөрчлөгдөх болно. Ингэж чадвал дорвитой өөрчлөлт үр дүнг үзнэ.