Чех улс тэргэнцэртэй иргэдэд зориулсан саадгүй маршрутын газрын зургийг нэвтрүүлжээ

Чех улсад хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа тэргэнцэртэй иргэдэд хот дотор чөлөөтэй, аюулгүй зорчих нөхцөлийг сайжруулах зорилгоор алхам, шатгүй маршрутын газрыг зургийг нэвтрүүлжээ. 

Газрын зурагт шат, өндөрлөг саадгүй зам, налуу гарц, лифт, өргөн явган хүний замын мэдээллийг тэмдэглэсэн бөгөөд үүний тусламжтайгаар тэргэнцэртэй иргэд өдөр тутмын зорчих маршрутаа урьдчилан төлөвлөх боломжтой болсон байна. 

Тус шийдэл нь зөвхөн хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд төдийгүй ахмад настан, хүүхдийн тэрэгтэй эцэг эх, түр зуурын бэртэл авсан хүмүүст ч бодит дэмжлэг болжээ. 

Тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэдийн хувьд газрын зураг нэвтэрсний дараагаар тэд зорьсон газартаа очихдоо гэнэтийн саадтай тулгарах, буцах, өөр хүнээс заавал тусламж хүсдэг байдал эрс багассаныг онцолсон байна.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, ийм төрлийн газрын зураг нь “саадгүй хот” бий болгох бодлогын чухал хэсэг бөгөөд хотын дэд бүтцийг иргэдийн бодит хэрэгцээнд тулгуурлан төлөвлөхөд чухал нөлөө үзүүлдэг аж. Мөн мэдээлэл нь онлайн платформ болон гар утасны аппликейшн (VozejkMap)-ээр дамжин тогтмол шинэчлэгддэг тул хэрэглэгчид хамгийн сүүлийн үеийн, бодит мэдээллийг авах боломжтой юм.

Чех улсын энэхүү туршлага нь хотын хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даасан байдалыг хангасан сайн жишээ болж, бусад улс орнуудад хэрэгжүүлэх боломжтой шийдэл хэмээн үзэж байна. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.