Google: Ажилчдаа аз жаргалтай байлгах тусам тэд илүү сайн үр дүн гаргадаг

Б.Одсүрэн
05 сарын 03, 2021

Google компанийн тухай уншихад тэдний зугаатай, өнгөлөг ажлын байр, гайхалтай бүтээлүүд, хүний нөөцийн бодлогын тухай ихэнхдээ гардаг. 

Бүтээлч ажлын байр нь "Google"-ийн хүний нөөц, Хүний үйл ажиллагаа албаны хувьсгалын ердөө өнгөц хэсэг юм. Google нь дэлхийн хамгийн аз жаргалтай ажилчидтай, ажилчид нь ажлаас гарах хувь хамгийн багатай компани. 

Ердөө 20 хэдэн жилийн өмнө байгуулагдсан энэ компани нь Калифорнид байрлаж, дэлхий дахины мэдээллийн санг төвлөрүүлж, хүн бүрт хүртээмжтэй бас хэрэгтэй болгосон. Хорь гаруй жилийн хугацаанд энэ компани нь хамгийн иноваци бүхий компани байсан ч, “Дэлхийн хамгийн шилдэг ажил олгогч” тодотголыг авчирсан гайхалтай ажлын байрын соёлоороо илүү алдартай. 

Тэгвэл тэдний хүний нөөцийн бодлогоос бид юуг сурч болох вэ?


1. Дата мэдээлэлд суурилах 


Google компани нь өөрөө мэдлэгийн эдийн засгийн нэг хэсэг. Хүний нөөц нь -Google"-ийн зогсолтгүй өсөлт, амжилтын гол тодорхойлогч юм. Ихэнх технологийн компаниудын адилаар тэдний ажиллах хүч голдуу залуучуудаас бүрддэг. Боловсон хүчний дундаж нас 29 байгаа нь АНУ-ын боловсон хүчний дундаж нас болох 42.2-оос хамаагүй залуу гэсэн үг. Google компани нь бүх шийдвэр гаргалтдаа зөвхөн дата ашигладаг. 


2. Аз жаргалын төсөл 


Аз жаргалын төсөл нь ажилчдынхаа амьдралыг илүү сайхан, хялбар болгоход чиглэдэг. Энэ төслийнхөө хүрээнд ажилчдынхаа ажил дээрх болон ажлаас гадуур хийх дуртай зүйлсэд нь төвлөрдөг. 

Тэд ажилчдынхаа аз жаргал, эрүүл мэндийг нэгдүгээрт тавьснаар бүтээмжийг нэмж, маш үр дүнтэй гүйцэтгэлийг бий болгодог. Тэдний бодлогын хүрээнд ажилчид аз жаргалтай байх тусам илүү их үр дүн гаргадаг байна. 

Google компани ажилчдынхаа аз жаргалын түвшинг  тогтмол хянаж, судалдаг. Тэдний PiLab нь дээрх олж авсан мэдээлэлдээ тулгуурлан хүний нөөцийн процессын туршилт, төлөвлөгөөг боловсруулдаг. 

Аз жаргалын төсөл нь үүгээр ч дуусахгүй. Тэд “Гүйцэтгэлээр нь цалинжуулах” бодлогыг баримталдаг бөгөөд энэ нь гүйцэтгэл өндөртэй ажилчдад илүү өндөр цалинг өгч, гүйцэтгэл багатай ажилчдаа тусгай сургалт, хөтөлбөрт хамруулдаг. 

Ажлын байранд суралцах хөтөлбөрийн хүрээнд туршлагатай менежерүүд, алдартай хүмүүс хичээл орж, мэдлэгээ хуваалцдаг. Хиллари Клинтоноос эхлээд Лейди Гага хүртэл тэдний ажилчдад урам зориг хайрлаж байсан. Дараагийн чухал зүйл бол Google нь ажилчдынхаа өдрийн хоолыг өгдөг. Энэ нь тэдний боловсон хүчнийг илүү аз жаргалтай, эрүүл, хамтран ажиллахад тусалдаг байна.


3. Менежментийн хэлбэр 

"Google"-ийн менежментийн хэлбэр нь мөн л дата аналитикт суурилдаг. Тус компани нь Хүчилтөрөгч төслийг эхлүүлсэн юм. Энэ нь менежерүүд хэрхэн ажиллаж байгааг үнэлдэг бөгөөд менежментийн процесст нь гарч буй алдаа, сул талыг нь сургалт хэлбэрээр орж, чадавхжуулдаг байна. 

Хүчилтөрөгч төслийн хүрээнд -Google"-ийн менежерт байх ёстой 8 шинж чанарыг тодорхойлсон нь:

1. Сайн багш байх

2. Багаа урамшуулах, микро удирдлага хийхгүй байх (даалгавар бүрт нь оролцохгүй байх)

3. Багийн гишүүдийн амжилт, сайн сайхан байдалд нь сонирхлоо илэрхийлэх

4. Бүтээмж үр дүнд чиглэсэн байх

5. Сайн харилцагч байж, багийнхнаа сонсох

6. Ажилчдаа кареерын хөгжилд нь дэмжих

7. Зорилго, стратегиа тодорхой, ойлгомжтой байлгах

8. Голлох техник чадварыг эзэмшсэн байх ёстой, ингэснээр багийн гишүүддээ зөвлөж чадна


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.