“Баян Монгол” уриаг дэвшүүлсэн “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулган 7 дахь удаагаа боллоо. Чуулга уулзалтыг “Ард санхүүгийн нэгдэл” 2016 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Уламжлал ёсоор эхний өдрийн хэлэлцүүлэг “Хөрөнгийн зах зээл, түүний чиг хандлага” сэдвээр өрнөсөн юм. 

Хэлэлцүүлэгт “Улаанбаатар үнэт цаасны бирж”-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга оролцсон.

Тэрбээр “Хөрөнгийн зах зээлд компани томорч байж л хувьцаат компани болох ёстой гэсэн буруу ойлголт яваад байдаг. Хэмжээ чухал биш. Ихэнх компани санхүүгийн үйл ажиллагаа, төлөвлөлтийг Ерөнхий нягтлан бодогчдоо даатгаад орхичихдог. Санхүүгийн менежер, санхүү гэх ойлголт манай ихэнх байгууллага дээр байхгүй. 


Мөнгөтэй холбоотой асуудлыг нягтлан бодогч гаргадаг, мөнгөний хэрэгцээ үүсэхэд хөрөнгийн зах зээл рүү бус банк руу  очдог. Нягтлан бодогч санхүүгийн мэдлэг тааруу учраас илүү сайн мэдэхээр банк руу ханддаг. Хандлага ингэж л явж ирсэн. Үүнийг өөрчлөх цаг болсон, сонголт ч бүрдсэн. Тиймээс хөрөнгийн зах зээлийн боломжийг манай аж ахуйн нэгжүүд олж хараасай, түүнийг сонирхож үзээсэй. 

Компанийн удирдлагууд санхүүгийн менежертэй болох, эсвэл манайх руу болон үнэт цаасны компанид хандаад мэдээлэл авч, хувьцаагаа олон нийтэд санал болгох боломж нь нээлттэй. ТОП 100 аж ахуйн нэгжийн 90 хувь нь өнөөдөр хязгаарлагдмал хариуцлагатай компани. Эдгээр компаниуд хэлбэрээ өөрчилж, хувьцаат компани болсноор хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүний чанар сайжирна. Өрсөлдөөн улам ширүүснэ. Хөрөнгийн зах зээлээс урт хугацаат, хямд өртөг бүхий санхүүжилт татах боломжтой. Санхүүжилтийн өртөг зардал бага байх тусам бараа, бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгчдэд хүрэх үнэ багаар, илүү бодитой тогтоно” гэв. 

Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 8.7 их наяд төгрөг болж, түүхэн дээд түвшинд ирээд байна. Зах зээл 10 их наяд руу ойртож байгааг “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Санхүү эрхэлсэн захирал Б.Золбоо онцолсон юм.