Эмэгтэй хүн болон насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай хүмүүсийн хөдөлмөрийн харилцааны талаар манай уншигчдаас ирсэн асуултанд Өмгөөллийн “Де Юре Партнерс” ХХН-ийн хуульч, өмгөөлөгч Г.Цагаанбаяр хариулж байна.


-Жирэмсэн хүнийг хэдэн сартайгаас хойш ажлаас халж болохгүй вэ?

-Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зөвхөн жирэмсэн эмэгтэйг бус гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас нь халахыг хориглосон байдаг. Гэхдээ үүнд тодорхой хязгаарлалт бий. Үүнд сахилгын зөрчил давтан эсвэл ноцтой зөрчил гаргасан, албан байгууллага нь татан буугдаж байгаа бол хөдөлмөрийн хуулийн хамгаалалтад орохгүй гэсэн үг юм.Мөн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөний амралтаа авах юм бол ажлын байр нь хадгалагдах ёстой учраас ажлаас халж болохгүй. Ер нь бол эмэгтэй хүнийг ажилд авахад нь гэрлэлтийн байдал, жирэмсэн эсэх талаар асуулт асуух ёсгүй үүнийг хуулиар хориглосон байдаг, хэрэв асуувал үүнд хариулах үүрэггүй.


-Жирэмсэн хүнийг халвал тухайн аж ахуйн нэгж ямар торгууль хүлээдэг вэ?

-Зөрчлийн тухай хуульд жирэмсэн хүнийг ажлаас халвал торгоно гэсэн заалт байхгүй. Гэхдээ Хөдөлмөрийн хуулиар ажлаас халахыг хориглосон. Тиймээс жирэмсэн хүн ажлаас халагдсан бол ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх, зөрчигдсөн эрхээ шүүхээр сэргээлгэх эрхтэй. Харин зөрчлийн хуульд ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны, манай тохиолдолд бол жирэмсэний болон хүүхэд асрах чөлөөтэй  байгаа хүнийг ажлаас нь халсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ажил олгогчийг 300.000 төгрөгөөр торгоно гэсэн заалт бий.


-Эмэгтэй хүмүүст хүүхэд асрах завсарлагыг хуулиар олгосон байдаг гэсэн. Үнэн үү? 

-Хөдөлмөрийн хуульд амрах, хооллох, нийтийн завсарлагаанаас гадна хүүхдээ хөхүүлэх, асрахад зориулсан цагийг гаргасан байдаг. Үүнд 6 хүртэлх сартай хүүхэдтэй болон 1 хүртэлх насны ихэр хүүхэдтэй эхэд хоёр цагийн, зургаан сараас 1 хүртэлх насны, түүнчлэн нэг нас хүрсэн боловч эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардагдах хүүхэдтэй эхэд нэг цагийн завсарлага нэмж олгоно гэж заасан байдаг. Бас нэмж олгосон завсарлагааны цаг нь ажилласан цагт тооцогдох зохицуулалттай.


-Хүүхдээ төрүүлээд хуулийн хугацаанд ажилдаа орох гэтэл миний орон тооны оронд хүн авчихжээ. Хаана хандах вэ, хуулиар юу гэж заасан бол?

-Дээр дурьдсанчилан жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй хүний ажлын байр хадгалагдаж байх хуультай. Та ажиллаж байсан орон тоо, албан тушаалдаа эргэж орохыг шаардах эрхтэй гэсэн үг. Хэрэв таны оронд хүн авсан учраас ажиллуулах боломгүй гэж байгаа бол шүүхэд хандаад ажилдаа эргүүлэн тогтоолгох боломжтой. Хэрэв таны оронд хүн авсан учраас өөр албан тушаал таньд санал болговол та хөдөлмөрийн нөхцөлөө өмнөх албан тушаалаасаа дордуулахгүй байдлаар тохиролцож болох юм. Ер нь бол таны ажлын байр хадгалагдаад таны оронд авсан ажилтныг анхнаас нь гэрээний хугацааг нь тохиролцож авсан байх ёстой л доо.  


-Ажлын маань эрчүүд адилхан албан тушаалтай ч надаас илүү цалин авдаг. Ер нь хөдөлмөрийн хуулинд үүнийг хэрхэн зохицуулсан байдаг вэ, ямар нэгэн ялгавар бий юу?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд хүнийг ажил мэргэжил, хүйсээр нь ялгаварлахыг хориглосон байдаг бол Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд ялгаварлал, хязгаарлал, давуу байдал тогтоохыг хориглосон байдаг. Үүнээс үзвэл ямар нэгэн ялгаварлал байж болохгүй гэсэн үг юм. Гэхдээ амьдрал дээр статистик үзүүлэлт харвал эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин, орлого зөрүүтэй байх, ижил албан тушаал дээр байгаа мөртлөө өөр өөр цалин хөлс авдаг байхыг үгүйсгэхгүй.

Яагаад цалингийн ялгавартай байна вэ гэдэг дээр хэд хэдэн хариулт бий. Үүнд хэд хэдэн шалтгаан нөхцөл байж болох юм. Тухайн байгууллагын цалингийн шатлалаас хамаарч болно, магадгүй удаан жил ажилласны нэмэгдэлтэй байж болно, анх ажилд авахдаа байгууллагууд цалинг тохиролцоно гэдэг магадгүй анх тохирохдоо өөр өөрөөр харилцан тохиролцсон байж болох юм. Иймэрхүү шалтгаанаар ижил ажил, үүрэг гүйцэтгэж байгаа ч өөр өөр цалин авдаг байж болно. Хэрэв дээр дурдсан нөхцөл байдал байхгүй ч цалин хөлс дээр ялгавартай хандсан бол энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил юм. Энэ тохиолдолд хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүхэд гомдол гаргах боломжтой юм. 


-Насанд хүрээгүй хүүхдийг ойр зуурын туслах ажилд авах гэсэн юм. Хуулинд үүнийг хориглодог уу. Хэд хүртэлх насны хүүхдийг ажиллуулж болох вэ?

-Иргэний хуульд Насанд хүрээгүй буюу 14-18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна гээд, насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийхээр зааж өгсөн. Тэгэхээр насанд хүрээгүй хүнтэй хөдөлмөрийн гэрээ хийх гэж байгаа бол эцэг эхээс нь бичгээр зөвшөөрөл авсан байх хэрэгтэй гэсэн үг. Ингэснээр та дараа нь ямар нэгэн хуулийн хариуцлагад унахгүй гэсэн үг юм.

Хөдөлмөрийн тухай хуульд 14-18 насны насанд хүрээгүй хүний хөдөлмөрийг насны байдлаас нь хамааруулаад ажлын цагийг нь богиносгохоор зохицуулж өгсөн. Мөн цалин хөлсийг цагаар, эсхүл хийснээр нь бодож, ажлын өдрийн хорогдуулсан цагт нь ногдох үндсэн цалинг нэмж олгоно гэж заасан байдаг.


-Тэтгэвэрт гараад удаагүй. Дахиад өөр газартай хөдөлмөрийн гэрээ байгуулж болох уу?

Болно. Тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно гэж хуулиар зааж өгсөн. Тэтгэвэр авч байгаа нь цалин хөлсийг нь бууруулах, хязгаарлах үндэслэл болохгүй.


-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй гэсэн шалтгаанаар ААН-ээс сар бүр төлбөр авдаг гэсэн. Үнэн үү. Яагаад?

-Тийм зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтын гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг л дэмжих юм. Гэтэл энэ зохицуулалт хамгийн хэрэгждэггүй учраас зохицуулалтын нэг хэлбэр байж магадгүй. Хөдөлмөрийн хуульд зааснаар “25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа 4, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна” хэрэв ажиллуулаагүй бол сар бүр орон тоогоор нь төлбөр төлнө гэж заасан. Энэ төлбөр нь санд төвлөрч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийг дэмжихэд зориулагдаж байх ёстой.

Зөрчлийн тухай хуульд зааснаар ажил, аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 150.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.500.000 төгрөгөөр торгоно гэж байгаа.


Хэрэв танд хуулийн зөвлөгөө хэрэгтэй бол ЭНД дарж бидэнд асуултаа илгээгээрэй.