Г.Сайнзаяа
04 сарын 24, 2018
Зураг хадгалж, Amazon-оос бүтээгдэхүүн худалдан авч, Google doc нээж, кино үзэх бүрт Техасын салхин цахилгаан станц, Виржини дэх нарны эрчим хүчийн үүсгүүр ажиллаж байдаг. Эдгээр байгууламж бий болоход таны хувь нэмэр оролцсон гэвэл итгэх үү. Тодруулбал, 2008 оноос хойш Америк улс дахь сэргээгдэх эрчим хүчний үүсвэр 9%-иас 18% болж өссөн бөгөөд үүний шалтгаан нь технологийн томоохон төлөөлөгч компаниуд үүлэн санах ойн төвүүд байгуулж, тэднийгээ сэргээгдэх эрчим хүчээр ажиллуулна хэмээсэн.
Улмаар чинээлэг үйлчлүүлэгчдээ алдахгүйн тулд Америкийн эрчим хүчний компаниуд бодлогоо өөрчилж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр лүү шилжиж, нүүрс, байгалийн хий тэргүүтэй эх үүсвэрээс эхнээсээ татгалзаж эхлэв. Баруун Виржини тэргүүтэй нүүрс олборлогч мужуудад ч энэ өөрчлөлт ажиглагджээ.
Google компанийн Эрчим хүчний бодлого хариуцсан захирал Майкл Террелл “Бидэнд зах зээлийг өөрчлөх боломж бололцоо бий. Сэргээгдэх эрчим хүчний станцаа байгуулчихвал бид тань руу хандах болно” гэсэн. Өнгөрсөн оны байдлаар Google, Amazon, Microsoft, Apple компани сэргээгдэх эрчим хүчний ашиглалтаар дэлхийд тэргүүлснийг Bloomberg мэдээллээ. Google гэхэд л бүх өөрийн мэдлийн бүх барилга байгууламж, мэдээллийн төвүүдээ 100% сэргээгдэх эрчим хүчээр ажиллуулдаг болсон.
Сэргээгдэх эрчим хүч ашиглах хандлага технологийн компаниудаас тэлсээр Walmart, GM, Budweiser гэх мэт компани ч үүний нэг хэсэг болохоор зорьж байна. Энэ бүхэн нүүрсний зах зээлд муу мэдээ болох нь ойлгомжтой. Дэлхийн томоохон нүүрс олборлогчид 2008 оноос хойш Америкийн зах зээлд уналттай байгаа.
Appalachian Power компани одоогоор эрчим хүчнийхээ 61%-ийг нүүрснээс, 5%-ийг салхи, нарнаас гаргадаг. Гэхдээ уналт, эрэлтийг дагаж 2031 он гэхэд 51%-иа нүүрснээс 25%-иа сэргээгдэх эх үүсвэрээс гаргахаар төлөвлөжээ. Apple компанийн тухайд 100% сэргээгдэх эрчим хүч ашиглахаа өнгөрсөн сард мэдэгдсэнээр баттерэй, товчлуур, линз гэх мэт эд анги нийлүүлдэг 20 үйлдвэр нь ч 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашиглахаар болов. Энэ мэт хандлагыг технологийн аваргууд дэлгэрүүлсээр буй.
Технологийн компаниуд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжих болсон нь 2011 оноос эхтэй. Тухайн үед Greenpeace байгууллага технологийн компаниудын мэдээллийн төв шавхагдах нөөц бүхий эрчим хүчний их хэмжээгээр ашигладаг тухай судалгааны тайланг танилцуулсан юм. Энэхүү цагаа олсон тайлан гарах үед технологийн компаниуд санхүүгийн томоохон тоглогчид болж амжсан байсан тул сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ рүү шилжих сонголт хийхэд түвэггүй байв.
Өнөөдөр Америкийн сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын 50 орчим хувийг технологийн компаниуд гаргаж байна. Сүүлийн үед өөр олон компани сэргээгдэх эрчим хүч ашиглах зорилт тавьж эхний алхмаа хийж эхэлжээ. Нэр дурдвал, Walmart 2025 он гэхэд эрчим хүчний хэрэглээнийхээ 50 хувийг сэргээгдэх болгоно. Одоогоор энэ үзүүлэлт 28 хувьтай байгаа гэнэ. Өнгөрсөн онд Budweiser компани 2025 он гэхэд 100% ногоон эрчим хүч ашиглана, General Motors энэ үзүүлэлтэд 2050 онд хүрсэн байна гэсэн.
дэлхийн дулаарал сэргээгдэх эрчим хүч технологи эрчим хүч эрчим хүчний хэрэглээ ногоон эрчим хүч
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.