Б.Билгүүнзаяа: Асуудалд гарц гаргалгаа олохыг эрмэлздэг бол UXUI дизайны салбар танд яг тохирно

П.Мөнгөнсор
10 сарын 28, 2022

Технологийн салбарыг сонирхож буй охид бүсгүйчүүддээ урам зориг өгөхөөр бэлтгэн хүргэж буй “Women in Tech” булангийнхаа энэ удаагийн дугаарт "Procraft" агентлагийн UXUI дизайнер Б.Билгүүнзаяатай ярилцлаа.

UXUI дизайнер яг ямар ажил хийдэг вэ?

UXUI дизайнерын ажлыг хамгийн энгийнээр тайлбарлая.  

Аливаа технологийн шийдлийг цаасан дээр буусан санаанаас эхлэн хэрэглэгчдийн гар утсанд апплейкэйшн болгоход тэрхүү шийдлийн өнгө, будаг, хэмжээ, хэлбэр, дүрслэл, графикуудыг хэрэглэхэд хялбар, хүртээмжтэй байдлаар зурагладаг мэргэжил гэж ойлгож болно. 

Та яагаад UXUI дизайнер болохоор шийдсэн бэ?

Би график дизайнер мэргэжлээр суралцсан. Их сургуульд вэб дизайн хичээлийг сонгон судласан юм, тэр хичээл үнэхээр сонирхолтой. Цээжинд минь маш хүчтэй хүсэл тэмүүлэл төрж, шимтэн судалсан. Ингэж л UXUI дизайнер болох эхлэл минь тавигдсан даа. 


UXUI дизайнерын мэргэжлийн онцлогоос хуваалцвал…?

Дизайныг нь зураглаж байгаа аппликейшн бүрийн цаана хэрэглэгч байдаг. Хэрэглэгч гэдэг нь чинь хүн шүү дээ. Тиймээс тэр хүмүүст тулгарч байгаа асуудлыг ойлгож, нухацтай судалж, шийдэл олохыг зорьдог. Энэ нь миний ажлыг илүү сонирхолтой болгодог. 

"Procraft" агентлагийн хамт олон
 
Манай агентлаг хүүхэд хөгжлийн, банкны, сэтгэл зүйн, эрүүл мэндийн зэрэг янз бүрийн аппликейшны дизайн хийх төсөл хэрэгжүүлж ирсэн. Тэр хэрээр салбар бүрийн зорилтот хэрэглэгчдийг судлаад, төслийнхөө утга санааг гүн ойлгох нь нэг газраас нөгөө рүү аялж байгаа мэт л санагддаг. 

Зөвхөн нэг л асуудал дээр удаан төвлөрөхөөс илүү олон талт мэдлэг мэдээлэлтэй болно гэсэн үг. UXUI дизайнер байхын бас нэг давуу тал нь зөөврийн компьютер, интернэттэй байхад ажлаа хаанаас ч хүссэн үедээ хийж болдог. 

Бичлэг үзэх: 

Таны хувьд UX юу эсвэл UI уу? Яагаад?

UXUI дизайнерын ажлыг нэг хүн хийдэг гэж ойлгох нь өрөөсгөл. Учир нь UX дизайнер судалгаа, хэрэглэгчидтэй харилцах зэрэг илүүтэй шийдлийг бодит үйл хэрэг болгох ажлыг хийдэг. Харин UI дизайнерын хувьд UX дизайнерын гаргасан шийдлийг хүнд ойлгомжтой байдлаар зураглах талаас илүүтэй ажилладаг гээд өөр өөрийн онцлогтой.

 Би UX дизайндаа илүү сонирхолтой. Хэрэглэгчдийн амьдралыг хөнгөвчилж буй санаа шийдлийг боловсруулахад оролцох нь зугаатай ч сонирхолтой ч ажил.


Ажиллаж байсан төслүүдээсээ хамгийн үр өгөөжтэй нэг төслийг онцолбол...

Хамгийн их сэтгэл зүрхээ шингээн ажилласан төсөл бол  “HELLO BABY” юм. Шинэхэн хүнээ хүлээн авсан ээжүүдэд зөвлөгөө мэдээлэл өгдөг апплекэйшн юм л даа. Үнэндээ би ээж болоогүй байгаа учраас ээжүүдийн сэтгэл зүйг ойлгож, дотно мэдрэмж төрүүлэхүйц дизайны шийдэл боловсруулах амар байгаагүй. Тэр хэрээрээ намайг нэлээд сорьсон. Чамгүй их судалгаа хийсний үр дүнд сэдэвтэйгээ нягт уялдсан, эгдүүтэй дүр төрхийг бүтээж чадсандээ ямар их баярласан гээч 

“HELLO BABY” төсөл маань одоо 20 мянга гаруй хэрэглэгчтэй болсон байна лээ. 

Ийм олон хүмүүсийн асуудлыг шийдээд, тэдэнд тус дэм болж чадахуйц гар утасны аппликэйшн бүтээсэндээ өөрөөрөө бахархаж, урам зориг авдаг.

Хэдийгээр ээж болоогүй ч эмэгтэй хүн учраас эмэгтэйчүүд, тэр дундаа ээжүүдийн асуудлыг ойлгохыг хичээсэн нь энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэм болсон гэж боддог. 


UXUI дизайныг сонирхож буй хүмүүст юуг зөвлөх вэ?

Үнэхээр UXUI дизайны чиглэлийг сонирхож байгаа залуустаа хандаж хэлэх үг байна. Юун түрүүнд хэлэхэд энэ чиглэлд ажиллахад сүрдэж, санаа зовох зүйл байхгүй шүү. 

Зарим хүмүүс технологийн салбар, UXUI дизайны ажлыг маш хүнд, логик сэтгэлгээ шаардсан, албаны ажил гэж боддог нь анзаарагддаг. 

Яг үнэндээ та UXUI дизайнер болохын тулд математикийн хичээлдээ ч тийм сайн байх шаардлагагүй. Технологийн салбарыг бага зэрэг мэддэг, график дизайн сонирхдог л бол манай салбар руу хөрвөх бүрэн боломжтой. 

Ямар ч салбарынханд эрэлттэй бас нээлттэй ажлын байр. Гагцхүү зөв хандлагатай, асуудалд гарц гаргалгаа олохыг эрмэлздэг бол UXUI дизайны салбар танд тохирно. 

Хэрвээ UXUI дизайныг сонирхсон ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа залуус байвал гоё мэдээ дуулгая. Манай “Procraft” агентлаг санаачлан “Women in Tech” Монгол дахь салбартай хамтраад 10 эмэгтэйг UXUI дизайны сургалтдаа үнэ төлбөргүй хамруулах юм. 

Хэрэв сургалтад хамрагдахыг хүсвэл https://forms.office.com/r/pABvXWt260  линкээр зочлоорой.

Мөн "UXUI дизайнерын Мастеркласс" сургалтын мэдээллийг Procraft agency цахим хуудасаар холбогдоорой.

Холбоотой сэдвүүд

технологи дизайн

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.