Манай улсын хоёр иргэн БНСУ-д шинэ коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл өчигдөр тус улсын зарим сайтаар гарсан.

Тус мэдээллийн талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас дараах мэдээллийг өглөө.

БНСУ-д манай улсын хоёр иргэн Covid-19 вирусийн халдвар авсан гэх мэдээлэл Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан даруй Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яам тус улсын Гадаад хэргийн яамнаас тодруулахад Монгол Улсын хоёр иргэн халдвар авсан тухай мэдээлэл байна, хувь хүний дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй тул Халдварт өвчин судлалын төвөөс тодруулахыг зөвлөсөн.

Үүний дагуу ЭСЯ-наас Халдварт өвчин судлалын төвтэй нь холбогдоход дурдсан хоёр тохиолдлын нэг нь Covid-19 халдвар авсан нь өмнө тогтоогдсон манай улсын иргэн (элэгний хурц өрөвслийн улмаас нас барсан тухай эмнэлгийн албан ёсны дүгнэлттэй) байсан.

Хоёр дахь иргэний талаар өгсөн мэдээлэл нь бүрэн тодорхой биш байгаа тул халдвар авсан гэх манай улсын иргэний оршин суугаа хотын эрх бүхий байгууллагаас дээрх мэдээллийг гүйцэд тодруулж баталгаажуулахаар манай ЭСЯ ажиллаж байна.

Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эх сурвалж нь тодорхойгүй, харилцан зөрүүтэй мэдээллүүд ихээр явж байгаа учир иргэдийг эдгээр мэдээллийг сайтар нягтлах, төөрөгдөхгүй байх, зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг зөвлөж байна.



Эх сурвалж: Гадаад харилцааны яам