БиоНТехийн захирал Уйгур Сахин өөрсдийнх нь үйлдвэрлэсэн Файзер вакцин коронавирусийн шинэ хувилбар болох омикроноос үүдэн хүндээр өвчлөх эрсдлийг бууруулна гэж үзэж байгаагаа мэдэгджээ. 

Тэрээр Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа, “Бидний таамаглаж байгаагаар вакциндаа бүрэн хамрагдсан хүмүүс омикрон хувилбараар халдварласан ч хүндээр өвчлөхгүй. Харин хүмүүс вакцины гурав дахь тундаа хамрагдсан тохиолдолд вакцинаар үүсэх дархлаа илүү сайн байх болно. 

Шинэ хувилбарын хүрээнд вакцины үйлчилгээ буурах нь тодорхой. Асуудлын гол нь хэр их хэмжээгээр буурах вэ гэдэг л юм. Гэхдээ одоогийн байдлаар шинэ хувилбар илүү хүнд өвчлүүлдэг гэсэн баталгаа үгүй. Мөн дельта хувилбартай харьцуулахад хэр хурдан халдварлаж, хэр хүндээр өвчлүүлдэг болох нь ч мэдэгдээгүй байна. 

Миний харж байгаагаар шинэ хувилбар илэрсэнд сандарч тэвдээд байх шаардлагагүй. Санаа зовоож байгаа ганц зүйл бол вакцинд хамрагдаагүй хүмүүс юм” хэмээсэн байна.

Гэсэн хэдий ч вакцинаар үүсгэгдсэн дархлаа хэр найдвартай байх нь лабораторийн туршилт, судалгаа, вирусийн тархалтаас л мэдэгдэх юм. Харин Уйгур Сахины хувьд ойрын хоёр долоо хоногийн хугацаанд вакцины үйлчилгээ болон омикрон хувилбарын тухайд илүү тодорхой мэдээлэлтэй болохоо хэлжээ.


Эх сурвалж: Spiegel