Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдтэй танилцлаа. 

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “2000 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Ирэх жил мөн 2000 айлын орон сууц ашиглалтад оруулахад бэлэн болоод байна” хэмээн ярьж, газар чөлөөлөлт сайн явааг танилцууллаа. Тэрбээр мөн “Орон сууцжуулах ажил удаашралтай байна гэж иргэд ярьдаг ч өмнө нь жилд 1500-2000 айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол сүүлийн хоёр жилд 3000-4000 айлын орон сууц ашиглалтад орж байгаа. Таван компанийн барилга хүнд байдалтай байна. 27 байршлын 84 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжихээс 17  байршлын 37 хэсэгчилсэн талбайд тендер зарласан, 32 талбайд орон сууцжуулах ажил үргэлжилж байна. Нийт 45 мянган айлын орон сууц барихаар төлөвлөснөөс 10473 айлын оройн сууц ашиглалтад орсон. Ирэх 2022 онд 4000 гаруй айлын орон сууц хүлээж авах хүлээлттэй байна” гэв.

Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд инженерийн шугам, сүлжээнээс гадна борлуулалтад анхаарал хандуулах хэрэгтэй байдаг. Сүүлийн үед Засгийн газар үүнд ихээхэн анхаарал хандуулснаар борлуулалт нэмэгджээ. Гүйцэтгэгч компанийнхан “Иргэдийн газрыг шууд орон сууцаар сольж, байранд оруулж байгаа. Анх төсөл хэрэгжихэд түрээсийн байранд байлгаж байгаад, байр ашиглалтад орохоор оруулдаг байсан. Гэхдээ иргэд хашаа байсан газраа орон сууцанд орох сонирхолтой байдаг” гэлээ.