“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум өнөөдөр боллоо.

Форумын үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, ЖАЙКА-гийн Монгол Улс дахь төлөөлөгчдийн газрын дарга Тамура Эрико, Дэлхийн банкны Зам, тээврийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Нора Рабефанирака, Азийн хөгжлийн банкны Хотын байгуулалт хариуцсан мэргэжилтэн Арнауд Хекман нар зам тээврийн шийдэл, нийтийн тээврийн үйлчилгээ, иргэн төвтэй хот сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн:

“2010 онд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний дундаж хурд 35 км цаг байлаа. Энэ үед хот 234 мянган автомашинтай, замын сүлжээ 954 км байв. Эргээд өнгөрсөн арван жилээ харахад замын сүлжээ 19 хувиар нэмэгджээ. Гэтэл автомашины тоо нь 3 дахин өсчихлөө. Хэрвээ цаашид ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол хоёрхон жилийн дараа Улаанбаатар хотын хөдөлгөөн тэг зогсолтод орно гэсэн тооцоолол гарсан. 

Энэ чиглэлээр Жайка томоохон судалгаа хийж байсан юм билээ. Өнөөдрийн нөхцөл байдал судалгааны дүнг батлан харуулж байна. 

Иймээс ойрын хоёр жилд Улаанбаатар хотын түгжрэлийг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай. Хотын түгжрэл хөдөлмөрийн бүтээмж, эрүүл мэнд, дуу чимээ гээд шууд болон шууд бусаар нөлөөлөх олон сөрөг нөлөөтэй. Энэ бүхнийг тооцож зардлыг гаргасан судалгаа бий.

2020 оны байдлаар нийслэлийн иргэд бүтээж буй баялгийнхаа найман хувийг түгжрэлд зарцуулдаг гэсэн судалгаа гарсан. Цаашид ямар ч арга хэмжээ авахгүй бол 2025 он гэхэд  ДНБ-ий 18 хүртэлх хувь буюу 24 их наяд төгрөгийг 2021-2025 онд түгжрэлд алдах тооцоо бий. 

Өнөөдрийн нийтийн тээврийн сүлжээний нөхцөл байдлыг харвал төв гудамж ялангуяа төвийн хэсэгт замын сүлжээ багатай учраас түгжрэлийн суурь нөхцөл болоод байгаа юм. 

Бичлэг үзэх:

Өнөөдрийн байдлаар Энхтайваны өргөн чөлөөгөөр цагт 16 мянга 870 хүн зорчдог гэсэн тооцоолол бий. 

Өнөөдөр 3000-4000 зорчигчийг автобусаар тээвэрлэж байгаа ч цаана нь зам дээр иргэд хүрэлцэхгүй автобусаа хүлээж байна. 

Асуудал хаана байна вэ? Манайтай төстэй хотууд бүгд масс транзит тээвэртэй байдаг. Цагт 10 мянгаас дээш хүн зорчиж байгаа тохиолдолд зайлшгүй нийтийн тээврийн хувьд масс транзит нэвтрүүлэх суурь нөхцөл бий болж байна.

Зорчилтын эрэлтийн тооцоо, маршрут дээр удаан судалгаа хийсний дүнд хөнгөн галт тэрэгний трансыг боловсруулсан.

Тогтвортой хөгжлийг дэмжих тээврийн төслийн хүрээнд бид бүхэн Дэлхийн банктай хамтран коридор шинэчлэл хийнэ.

Мөн явган замыг сайжруулах, гарааш, хашаа, хайс буулгах ажлыг эрчимжүүлэх болно.  Өмнө нь жилд 100 гаруй граш буулгадаг байсан бол энэ жил 1000 гаруйг буулгасан. Цаашид 5000 грашыг буулгаж Улаанбаатарыг машинд ээлтэй хотоос, явган хүнд ээлтэй хот болгохын төлөө ажиллаж байна” гэлээ.