Буяндэлгэрийн Мөнхчимэг
06 сарын 18, 2025
Samsung компани “Bespoke AI” нэртэй шинэ үеийн ухаалаг гал тогооны цахилгаан хэрэгслүүдээ удахгүй танилцуулах гэж байна. Эдгээр төхөөрөмж нь хэрэглэгч бүрийн хоол хийх дадал, амьдралын хэв маягийг ойлгож, хувийн хэрэгцээнд нийцсэн ухаалаг гал тогооны цогц шийдэл байхаар төлөвлөгдөж байгаа ажээ.
Шинэ загварууд нь хиймэл оюун ухаанд суурилсан бөгөөд хэрэглэгч дуу хоолойгоороо заавар өгч, төхөөрөмжтэй харилцан ярилцах боломжтой гэнэ.
Түүнчлэн Samsung-ийн гар утас, зурагт, угаалгын машин зэрэг бусад ухаалаг төхөөрөмжтэй уялдан ажиллаж, гэрийн бүхэл бүтэн ухаалаг экосистемийг бүрдүүлнэ гэжээ. Тухайлбал, цахилгаан зуухыг асаах үед уур шингээгч автоматаар ажиллаж эхэлдэг тохиргоог хийх боломжтой юм байна.
Сонирхолтой нь, шинээр танилцуулагдах ухаалаг хөргөгч нь хадгалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний мэдээлэлд тулгуурлан хоолны жор санал болгох, хугацаа нь дуусч буй бүтээгдэхүүнийг дэлгэц дээр анхааруулан харуулах зэрэг олон ухаалаг үйлдэлтэй байх нь ээ.
Ухаалах шарах шүүгээний хувьд хэрэглэгчийн хэрэглээний зуршлыг тодорхой хугацаанд судалсны үндсэн дээр “Мах шарах горимыг асаа” гэж команд өглөө гэхэд тухайн хүнд тохирох хугацаанд, зохих температурт болгох автомат тохируулгыг ч үүсгэж болно гэжээ.
Мөн “AI Energy Mode” буюу эрчим хүч хэмнэлтийн ухаалаг горим нь цахилгаан хэрэглээг оновчтой зохицуулж, хэрэглэгчийн зуршлыг хянах замаар байгаль орчинд ээлтэй шийдлийг санал болгож байгааг онцолжээ.
Эх сурвалж: theverge.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.