ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү цаг үеийн зарим асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Мэдээллийн үеэр тэрээр "8 дугаар сарын 03-ны 21 цаг 48 минутад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийн байрнаас гал гарч, цонхоор хүн унаж нас барлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. 

Хэргийн газар дээр нийслэлийн прокурорын газар, дүүргийн цагдаагийн газраас үзлэг явуулсан. Хэргийн газрын үзлэгээр гал гарсан айлд 46 настай эмэгтэй нас барсан байдалтай, 23 настай эрэгтэй өндрөөс унаж нас барсан байдалтай байсан. Тус хэрэгт хэрэг бүртгэл нээгээд мөрдөн шалгалт хийж байна. Дотор 46 настай эмэгтэйн хувьд гадны нөлөөтэй нас барсан байгаа. Хэрэг эцэслэгдэн шалгагдаж дуусахаар бүх зүйл тодорхой болно.

Хэргийг шалгаж дуусаагүй байхад урьдчилсан байдлаар худал ташаа мэдээлэл тарааж болохгүй. Уг хэргийг дөнгөж шалгаж эхэлж байна. Энэ ноцтой хэрэг юунаас үүдэж гарав гэдэг нарийн шалтгаан, нөхцөлийг тогтооно. 

Тэгэхээр уг хэргийн талаар олон нийтэд ташаа мэдээлэл тараахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас хүсэж байна" хэмээлээ.