peak.mn
06 сарын 08, 2018
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Е.И. нар Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа.
ОХУ-тай 9 жил яриа хэлэлцээ хийж, ийнхүү Монгол, Оросын нутгаар төмөр замын ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн талаар тохирсон хэлэлцээрийг байгуулж байна.
Тус хэлэлцээр нь Талууд дотоодын ажиллагааг гүйцэлдүүлсэн тухай бичгээр үйлдсэн сүүлчийн мэдэгдлийг дипломат шугамаар хүлээн авсан өдрөөс хүчин төгөлдөр болох юм.
ОХУ-ын нутгаар дамжих төмөр замын тээвэрлэлтэд 25 жил тарифын хөнгөлөлт эдлэхээр боллоо
Хэлэлцээрийн төсөл найман зүйлтэй ба 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр заасан. Хэлэлцээрт дараах зорилтыг хангасан нөхцөлүүдийг тусгажээ.
ХЭЛЭЛЦЭЭРИЙН АЧ ХОЛБОГДОЛ
1. Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдэлнэ.
/Монгол Улс ОХУ-аас дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт Нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4%, чингэлэг тээвэрт 52%-ийн хөнгөлөлт авч байна./
“Оросын төмөр замууд” НХН-ээс 1 жилийн хугацаагаар олгож буй тарифын хөнгөлөлтийг 25 жилийн хугацаанд баталгаажуулах нь уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлөөр хангагдаж буй хэрэг юм.
2. Дамжин өнгөрөх ачаа тээврийн чиглэлийн тарифын түвшинг бусад чиглэл дэх тарифын түвшин эрс өөрчлөгдсөн тохиолдолд тухайн тарифтай өрсөлдөхүйц байдлаар тохиролцох боломжтой.
Тухайлбал, Монгол Улсаас БНХАУ-аар дамжуулан тээвэрлэх ачаа тээврийн тарифын түвшин огцом өөрчлөгдөхөд ОХУ-аар дамжуулан тээвэрлэх тарифын түвшинг мөн бууруулах бололцоотой юм.
НҮҮРС БОЛОН ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭРЛЭЛТЭД ОЛГОЖ БУЙ ОДООГИЙН ХӨНГӨЛӨЛТ:
Дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт ННТ-ын дагуу суурь тарифаас 32 хувиас багагүй хөнгөлөлт олгох үүрэгтэй бөгөөд “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий хорооноос тус ачаанд 2018 онд 58 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.5.-д “Гадаад худалдааны дамжин өнгөрөх тээврийн нөхцөлөөс хэт хараат байдлыг бууруулж, далайд гарцгүй орны хувьд тээврийн салбарт хөрш орнуудтай хоёр болон гурван талын урт хугацааны, харилцан ашигтай хэлэлцээр байгуулна. Эскпортын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах далайн боомтуудтай болох, боомт хүртэл тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасан байдаг.
Далайд гарцгүй орны хувьд дээрх зорилтыг хэрэгжүүлэх яриа хэлэлцээг хөрш орнуудтай 2009 оноос эхлүүлэн идэвхитэй хийж ирсэн бөгөөд БНХАУ-ын Засгийн газартай 2014 онд “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай” хэлэлцээрийг байгуулж, шинээр төмөр замын 4 боомт нээх, эдгээр хилийн боомтоор дамжуулан гуравдагч оронд бүтээгдэхүүнээ төмөр замаар дамжуулан экспортлох квот, тэдгээрт тээврийн хөнгөлөлттэй тариф зэрэг нөхцөлүүдийг тохирсон юм.
Эх сурвалж: ЗТХЯ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.