Казахстан улсад хийн үнийг нэмэгдүүлснээс болж бослого гарснаар Ерөнхийлөгч Касым Токаев хоёр долоо хоногийн хугацаатай онц байдал тогтоолоо.

Казахстаны хамгийн том Алматы хот болон баруун хэсгийн Мангистау мужид өчигдөр өглөө эсэргүүцлийн жагсаал гарч, богино хугацаанд өргөн хүрээг хамарч, үймээн дэгдсэн  юм. 

Улмаар тус улсын ерөнхийлөгчийн цахим хуудаст Казахстаны засгийн газар огцорсон тухай бичсэн байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг парламентын гишүүд ямар ч эсэргүүцэлгүй дэмжсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Тус улсад одоогоор нийгмийн сүлжээг бүрэн хаагаад байна.

 

Нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч К.Ж.Токаев 1 дүгээр сарын 4-ний өдөр Мангистау муж болон Алматы хотод, 5-ны өдрийн 16.00 цагт Нурсултан хотод онц байдал зарлаж,  дараах арга хэмжээ авч эхлээд байна:

 

1. Нийтийн хэв журам сахих, онцгой чухал объект, иргэдийн амь нас, нийтийн тээврийн үйл ажиллагааг хангах байгууламжийн хамгаалалтыг бэхжүүлэх;

2. Алматы, Нурсултан хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөг хязгаарлах;

3. Иргэний үнэмлэхийг баталгаажуулах, биечлэн шалгах, эд зүйл, тээврийн хэрэгслийг шалгах;

4. Алматы, Нурсултан хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах;

5. Тайван жагсаал, спортын болон бусад төрлийн олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох;

6. Ажил хаялт, хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, зогсоох зэргийг хориглох;

7. Зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, тусгай хэрэгсэл, хортой бодис худалдахыг хориглох, эм, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис, түүнчлэн этилийн спирт, согтууруулах ундааны бүтээгдэхүүний эргэлтийн тусгай дэглэм тогтоох;

8. Хувь хүн, хуулийн этгээдээс зэвсэг, сум, хорт бодисыг түр хураан авах, зэвсэг, сум, хорт бодис, түүнчлэн цэргийн болон сургалтын техник, тэсэрч дэлбэрэх бодис, цацраг идэвхт бодисыг түр хураах, зэрэг болно.