НУР-СУЛТАН. /BBC/. Казахстанд өнгөрсөн ням гарагт зохион байгуулсан ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцсэн олон зуун хүнийг тус улсын цагдаагийн ажилтнууд баривчилсан байна.


Ерөнхийлөгчийн албыг олон жил хашсан Нурсултан Назарбаев өнгөрсөн гуравдугаар сард албан тушаалаасаа огцорсны дараа ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг олон нийт уриалсан бөгөөд Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд Н.Назарбаевын залгамжлагчаараа сонгосон Касым Жомарт-Токаев ялах төлөвтэй байгаа ажээ.


Учир нь Токаевтай нийт зургаан нэр дэвшигч өрсөлдсөн нь үнэндээ бэлгэ тэмдэг төдий үйлдэл гэж үзэж буй.

Сонгуулийг эсэргүүцэгчид санал хураалтыг чөлөөт бус, шударга бус байна хэмээн мэдэгдэж байсан бол К.Токаев сонгуулийн үйл явц ардчилсан, нээлттэй явагдаж байна гэж хэлсэн байна.

Сонгогчдыг саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд Женев хот дахь НҮБ-ын салбарын тэргүүн асан, 66 настай К.Токаев сонгогчдын 70 хувийн саналаар тэргүүлж байгаа аж.

Казахстанд сүүлийн жилүүдэд болсон хамгийн өргөн хүрээг хамарсан жагсаал цуглаан нийслэл Нур-Султан болон хамгийн том хот болох Алматыд болжээ. "Нийт 500 гаруй хүн баривчлагдсан" гэж Дотоод хэргийн дэд сайд Марат Кожаевын мэдээлснийг “AFP” агентлаг иш татан уламжилжээ. Цагдаагийн ажилтнууд жагсагчид, сэтгүүлчид болон тэднийг ажиглаж байсан хүмүүсийг баривчилсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг