АНУ-ын Висконсин мужийн Кеноша хотод өнгөрсөн Ням гаригт цагдаагийн ажилтнууд зэвсэглээгүй хар арьст 29 настай эрэгтэй Якоб Блэйкийг гурван хүүхдийнх нь нүдэн дээр ар нуруунд нь долоон удаа буудсан хэрэг явдал гарсан билээ. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч биеийн байдал хүнд ноцтой хэвээр, хөлөө алдаж, тал бие нь мэдээгүй болсон байна.

Түүнийг машиндаа суухаар явж байхад нь араас нь буудаж байгаа дүрс бичлэг нийгмийн сүлжээнд тархсанаас хойш хэсэг намжаад байсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдалын эсрэг эсэргүүцлийн жагсаал дахин эхэллээ. Тус хотын хэдэн зуун мянган жагсагчид засгийн газрын байр, төрийн далбаа, шүүхийн байр, гудамж талбайг галдан шатаасан байна. Даваа гаригийн оройн 20 цагаас эхлэн тус хотод хөл хорио тогтоосон.  Цагдаа нар жагсагчид руу 30 гаруй минутын турш нулимс асгаруулагч хий цацсан ч жагсагчдыг буулгаж хүчрэхгүй байна. Мужийн амбан захирагч тус хотруу Үндэсний Гвардын цэргийг оруулаад байна.