Блокчэйн, криптовалютын ирээдүй, хэтийн төлвийг хэлэлцсэн олон улсын бага хурал “UB UNCHAINED 2019” өнөөдөр болж өнгөрлөө. Энэхүү хурлыг “BitMonEx” криптовалютын арилжааны платформ, “FLETA”, Блокчэйн платформ, “Bittrex” олон улсын криптовалют арилжааны платформ, ''Монголын Блокчэйн Технологи Ба Криптовалютын холбоо'' болон ''Монголын Бизнесийн Зөвлөл'' хамтран зохион байгууллаа.

Зорилго нь блокчэйн технологийн хөгжлийг олон нийтэд таниулж, нийгэм, эдийн засгийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг энэхүү технологиор дамжуулан шийдэх боломж, гарцыг эрэлхийлэх юм.

Bit Mon Ex-ийн үүсгэн байгуулагч Ө.Үнэнбүрэн нээж  үг хэлэхдээ криптовалют бол блокчейны жижигхэн хэсэг нь л юм гэдгийг дурьдаад ямар их боломж ирээдүй байгааг дурьдав.

Мөн төрийн байгууллагын төлөөлөл Сангийн дэд сайд Х.Булгантуяа хүрэлцэн ирж “Дижитал шилжилт” илтгэлээ тавьлаа. Тэрбээр Монгол улсад криптовалютын хууль эрх зүйн орчин бий болоогүй ч цаашид нийгэм эдийн засгийн салбаруудад ямар чухал нөлөөтэйг, түүнээс хоцорч хойш сууж болохгүйг онцоллоо. Тиймээс ч сүүлийн үеийн томоохон эдийн засгийн форум уулзалтууд хэрхэн ач холбогдлыг нь үнэлж яригдаж буйг, хөрөнгө оруулагч нар ч Монголын уламжлалт уул уурхай, хүнс, хөдөө аж ахуйн салбарыг биш финтекийг сонирхох болсныг дурьдсан. Тухайлбал,

“Саяхан Даост болсон Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хөндөгдсөн гол сэдэв бол Аж үйлдвэрийн IV хувьсгал тойрсон сэдвүүд болох хиймэл оюун ухаан, нано технологи, үүлэн технологи байлаа. Бүр энэ сэдвээр тусгайлсан байнгийн хороо хуралдсан. Блокчейнийг цааш нь үргэлжлүүлж хөгжүүлэх боломжтой гэж Азийн Сингапур, Япон Хятад Энэтхэг улсыг онцолж байна. Манай улс эдгээр улс оронтой газар зүйн хувьд, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаатай учраас том боломж гарна.

Дэлхийн  улс орнууд хэдийн боломжийг нь олж харж хэрэгжүүлж байна. Канад, Швед, Уругвай улсад гэхэд дижитал төлбөр тооцооны системийг төв банк нь нэврүүлчихлээ. Швейцарь, Тайланд, Австрали улс хөрөнгийн бирж нь блокчейн технологи дээр суурилсан арилжаа төлбөр тооцооны платформыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Засгийн газар нь ингэж оролцохгүй бол мөнгө угаах хэрэгсэл ч болох магадлалтай гэдгийг онцолдог болсон.

Хөрөнгө оруулагч нар ч эхнээсээ Монголын финтекийн салбарт анхаарал хандуулаад эхэлчихлээ. Цаашид манай улс ч бас энэхүү шинэчлэлтээс хоцрохгүй, хөл нийлүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэхүү хөгжлийг нь эрчимжүүлэхэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ”  гэлээ.

Мөн энэ энэ үеэр Bittrex болон Bit Mon Ex-ийн хамтын ажиллагааны нээлтийг хийлээ. 

Bit Mon Ex криптовалютын бирж нь Bittrex-тэй хамтын ажилласнаар олон улсын зах зээлийг холбож өгөхөөрөө ач холбогдолтой. Учир нь Bittrex нь олон улсад танигдсан нэр хүнд бүхий криптовалютын топ биржийн нэг юм. Анх 2014 онд кибер аюулгүй байдлын 3 инженер үүсгэн байгуулсан түүхтэй. Өдгөө АНУ дахь хамгийн анхны блокчейн платформ дээр суурилсан арилжааны биелэлт маш хурдтай, хамгийн найдвартай дижитал түрийвч гэгдэх болсон юм. Аюулгүй платформ, мөнгө байршуулах болон татан авахад хурдан, виртуал платформыг хөгжүүлэгч нарт хууль бус үйлдлээс сэргийлэх, хамгаалахад тусладаг гээд  Bittrex-ийн давуу тал олон.

Bit Mon Ex-ийн хувьд 2018 оны 8 дугаар сард үүсгэн байгуулагдсан өгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн криптовалютын бирж болох зорилготой. Ойрын ирээдүйд Bit Mon Ex ХХК нь бизнес төрийн үйлчилгээг авах боломжтой хэрэглэгч нарт блокчейн технолгийг хэрэглэх дэд бүтцийг хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.