"Facebook" хиймэл оюун ухаантай холбоотой ёс зүйн асуудлуудыг судлах ажлыг санхүүжүүлнэ

peak.mn
01 сарын 21, 2019

Хиймэл оюун ухааны технологийг турших явцад үүсч буй ёс зүйн асуудлуудыг судлахад хамтран ажиллах тухай гэрээг Америкийн “Facebook” корпорац Мюнхений техникийн их сургуультай байгуулжээ. Тус компанийн цахим хуудсанд ням гарагт мэдээлснээр, талууд "Хиймэл оюун ухааны ёс зүйн хүрээлэн" байгуулах бөгөөд америкчууд тус хүрээлэнг ирэх таван жилийн хугацаанд 7.5 сая ам.доллароор санхүүжүүлнэ.

"Facebook" компани Хиймэл оюун ухааны ёс зүйг судлах хараат бус төв байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Мюнхений техникийн их сургуультай хамтран ажиллах болсноо өнөөдөр мэдэгдэж байна. "Уг төв нь шинэ технологийн ёс зүйг судлах салбарын ажлыг урагш ахиулж, хиймэл оюун ухааны хэрэглээ болон үр нөлөөтэй холбоотой үндсэн асуудлуудыг судлахад тус дөхөм болно” гэж тус компанийн хэрэглээний программын сургалтын газрын захирал Хоакин Кинёнеро Кандела онцлон дурджээ.

Хиймэл оюун ухаан бол дэлхийн хамгийн алдартай нийгмийн сүлжээнүүдийн нэг болох "Facebook"-ийн эрхэлдэг бараг бүх ажлын үндэс суурь юм гэж тэрбээр тайлбарласан байна. “Гэвч хиймэл оюун ухааны асар их хүчин чадал нь IT-гийн салбарынхан дангаар шийдэж чадахгүй маш хүнд асуудлуудыг үүсгэж байна. Тиймээс тус хүрээлэн бие даасан академийн хувиар энэ сэдэвтэй холбоотой ёс зүйн талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж Кандела онцлон тэмдэглэжээ. "Facebook" компани нь “Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх түншлэл”-ийг үүсгэн байгуулагчдын нэг гэдгийг тэрбээр сануулан дурдсан байна.

Арилжааны бус байгууллага болох “Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх түншлэл”-ийг "Amazon", "Google", "Facebook", "IBM" болон "Microsoft" компани 2016 онд байгуулсан билээ. Тус байгууллага нь хиймэл оюун ухааны салбарт судалгаа явуулахад ёс зүйн зөвлөмжийг боловсруулж, өгдөг байна. Тухайлбал, тухайн судалгаа олон улсын конвенцуудыг эсвэл хүний эрхийг зөрчөөгүй гэдэгт баталгаа олгодог аж.

“Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх түншлэл” нь академийн, судалгааны, олон нийтийн байгууллагууд, хиймэл оюун ухааны технологи бүтээдэг болон ашигладаг, мөн янз бүрийн салбарт хиймэл оюун ухааны үзүүлж буй нөлөөг судалдаг компаниудыг эгнээндээ нэгтгэжээ.

Уг түншлэлийг хиймэл оюун ухааны технологийг судлах болон ашиглах шилдэг аргыг тодорхойлох, нийгэм дэх ойлголтыг сайжруулах, энэ сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг явуулах талбарыг бий болгох, мөн хиймэл оюун ухааны технологийн хүнд болон нийгэмд үзүүлэх нөлөөллийг судлах зорилгоор байгуулсан байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS

Холбоотой сэдвүүд

facebook хиймэл оюун ухаан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.