Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж асуулга тавьсан юм.

Асуулгын хариуг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илгээсэн байна

Хариултаас иргэдийн дунд тодорхойгүй байгаа хэд хэдэн асуудал тодорхой болж байна. Тухайлбал "Эрдэнэс тавантолгой" ХК нэгж хувьцаандаа 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах болсныг мөн эргэлзээ дагуулсан IPO-ний талаарх хариултыг өгчээ.

Ногдол ашиг хуваарилах шийдвэрийг 2 дугаар сарын 18-ны өдөр болсон ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж 03 дугаар тогтоолыг баталсан байна.

Сонирхолтой нь тус компанийн удирдлага компанийн ТУЗ хуралдсан ч ногдол ашиг тараах талаар хараахан шийдвэр гараагүй хэмээн мэдээлж байсан билээ. Энэ сарын 30-нд ЭТТ-н хувьцаа эзэмшигчдийн хурал болох ёстой юм.

2018 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд батлагдсан төлөвлөгөөний бүхий л үзүүлэлтийг 2-3 дахин давуулан биелүүлсэн биелүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Түүхэндээ 45.6 сая тонн нүүрс олборлож, үүнээс 2018 онд 10.7 сая тонн нүүрс олборлон, 12.8 сая тонн нүүрс экспортолсон юм. Аудитлагдсан тайлангаар “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд 801.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэдэг ч иргэдэд ийнхүү 50 орчим тэрбум төгрөг зарцуулах эхний тооцоо гараад байна.

Сонирхуулахад 1072 хувьцаанаас ямар нэгэн ашиг хүртээгүй хүн гэхэд 26800 төгрөгийн ашиг хүртэнэ гэсэн үг. 

Харин:

*2011, 2012 онд оюутны сургалтын төлбөр

*2011 онд ЭМД

*Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон хувь хишгийг авч байсан бол таны хувьцаа хасагдана тэр хэмжээгээр хүртэх ногдол ашиг ч багасна.


“Эрдэнэс Тавантолгой”-н IPO-ний талаар

ЭТТ ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэхийн чиглэлээр дараар ажлыг хийж гүйцэтгэж байна гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн илгээсэн албан бичигт дурджээ.

✔Нөөц: Тавантолгойн ордын нүүрсний нөөцийг 300 сая тонноор нэмэгдүүлсэн. Нэмэгдэж батлагдсан нөөцөд тулгуурлан ордыг иж бүрэн ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулж байна.

Дэд бүтэц, төмөр зам: Засгийн газрын 2018 оны 242 дугаар тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх үүрэг бүхий төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой "Тавантолгой" төмөр зам ХХК-ийг байгуулсан болно.

✔Цахилгаан станц: 2018 оны 12 дугаар сарын 26-нд Эрчим хүчний яам болон "Оюутолгой"ХХК Тавантолгойн станцыг барьж ашиглалтад оруулах, "Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ"-нд гарын үсэг зурсан.

✔Үнэт цаас гаргах бэлтгэл: Тус бэлтгэлийг хангах хүрээнд ЭТТ ХК-ийн өнөөгийн үйл ажиллагааны байдал,  компанийн засаглал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй эдийн засгийн төслүүд, богино дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж талуудад хүргэхийн зэрэгцээ, зах зээлийн болон хөрөнгө оруулагчдын талаарх судалгааны ажлыг гүйцэтгэх, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгчийг, хамтарч ажиллах хувилбарыг боловсруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.