АДДИС-АБЕБА. /Xinhua/. Этиопт террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан 12 этгээдийг баривчилсан талаар тус улсын Үндэсний тагнуулын газраас өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.

Уг байгууллагын мэдэгдэлд дурдсанаар, “Аль-Шабааб” террорист бүлэглэлийн Этиоп дахь удирдагч хэмээн үзэж буй Мухаммед Абдулахи Дулетыг нийслэл Аддис-Абеба хотод халдлага үйлдэх боломжтой газруудыг судалж байх үед баривчилсан аж. 

Бусад этгээдийг Сомали, Оромиа мужаас баривчилсан бөгөөд тэднийг амиа золиослох даалгавар гүйцэтгэхээр төлөвлөж байсан хэмээн таамаглаж байна гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч баривчилгаа хэзээ болсон талаар дурдаагүй байна. 

Өнгөрсөн наймдугаар сард Этиоптой хил залгаа Сомали улсад төвтэй “Лалын улс” бүлэглэлийн босогчид Этиоп хэлээр суртал ухуулгын бичлэг гаргахаар бэлтгэж буйгаа олон нийтэд мэдээлсэн бөгөөд өмнө нь Этиопт “Аль-Шабааб” бүлэглэлийн босогчид хэд хэдэн халдлага үйлдэж байжээ.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг