Ерөнхийлөгч Х.Баттулгын НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үг

Б.Баясгалан
09 сарын 24, 2020

АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд үргэлжилж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цахимаар оролцож, есдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанд үг хэллээ.

Тус чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Ноён Чуулганы дарга аа,

Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы даргаар сонгогдон ажиллаж буй Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Манай төлөөлөгчид Таныг энэхүү хариуцлагатай ажил үүргээ гүйцэтгэхэд бүрэн дэмжиж ажиллах болно.

НҮБ-ын 75 жилийн ойг гишүүн орнууд бахархалтайгаар тэмдэглэж байна. НҮБ бол олон талт хамтын ажиллагааны хамгийн оновчтой бүтэц юм. НҮБ-ын Дүрмийн үзэл санаан дор дэлхийн улс үндэстнүүд нэгдэж, асуудал, бэрхшээлийг яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны замаар шийдвэрлэх болсон нь аугаа дэвшил.

Хөгжил дэвшилтэй зэрэгцээд сорилт бэрхшээл нарийн төвөгтэй болж, түүнийг шийдвэрлэх, даван туулах үүрэг хариуцлага тэр хэрээр нэмэгдэж байна. Тухайлбал, өнөөдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган дэлхий нийтээрээ КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэж буй цаг үед болж байна.

Бүх зүйл харилцан хамааралтай болсон өнөөгийн ертөнцөд халдварт өвчин хүртэл асар хурдтайгаар тархаж, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг, аюулгүй байдал, хүний эрх зэрэг олон талбарт сөргөөр нөлөөлж байна.

Анагаах ухаан маш өндөр түвшинд хөгжсөн XXI зуунд хүн төрөлхтөн цар тахлын аюулд гэнэдэж, гамшгийн түвшинд өртөж байгаа нь асар том сургамж, сануулга болж байна. Хүнд хэцүү үед олон талт хамтын ажиллагааны үүрэг улам өсөж, эв нэгдэл, хамтын ажиллагаанд суурилсан, илүү уялдаатай, үр дүнтэй хариу арга хэмжээг цаг алдалгүй авах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх зорилт тулгарч байна.

Ковид-19-ийн эсрэг баталгаатай вакцин гарах үед хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнууд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнууд, уугуул иргэд зэрэг нийгмийн эмзэг бүлгүүдэд тэгш, хүртээмжтэй түгээхэд НҮБ, түүний системийн байгууллагууд асар их үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.

Хөрөнгө нөөц багатай, нийгмийн хамгааллын тогтолцоо султай хөгжиж буй орнуудад аюулт цар тахалтай тэмцэх, сэргээн босгоход зориулж буй тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэхийг олон улсын санхүүгийн байгууллагууд, өндөр хөгжилтэй орнуудад уриалж байна.

Ноён Дарга аа,

Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх үйл ажиллагааны арван жил эхэлж буй энэ жил дэлхий даяар КОВИД-19 цар тахлын хязгаарлалт, хорио үйлчилж, учирч байгаа саад бэрхшээлийг ужигруулан, 2015 оноос хойших ахиц, дэвшлийг зарим талаар ухраах эрсдэл үүслээ. Тиймээс  төр, засгийн газрууд цар тахлын аюулыг гэтлэх тухайд зоримог алхам хийж, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн зорилтуудад хүрэхийн төлөөх хүчин чармайлтаа нэмэгдүүлэх, үүрэг, үйл ажиллагаагаа шинэлэг, уян хатан байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын хувьд цар тахлын аюул, хүндрэлийг хохирол багатай даван туулахын тулд өөрийн хүчин чадал, нөөц бололцоог дайчилж, бусад улсын туршлага, сургамжийг анхаарч ажилласны дүнд Ковид-19-ийн халдварыг дотооддоо алдалгүй барьж, хүний амь эрсдээгүй байна.

Дэлхий дахинд харанга дэлдсэн цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь хүн төрөлхтнийг эх дэлхийгээ хайрлах, байгаль орчинтойгоо зохицон аж төрөх гарцаагүй шаардлагыг сануулсаар байна. Байгаль дэлхийгээ шүтэн эрхэмлэж, хайрлан хамгаалах уламжлал нь монголчуудын нүүдэлчин аж амьдрал, үндэстний сэтгэлгээний салшгүй хэсэг билээ.

Хүн байгалийн харилцан хамаарал бол хүн төрөлхтөн та бидний оршихуйн эх булаг билээ. Өнөөг хүртэл байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө сөхрөхгүйн тулд бид чадах бүхнээ хийж ирсэн боловч бидний тэмцэл байгальтай зохицохын тулд бус, ялахын төлөө тэмцэл байсан юм. Ялахын төлөөх тэмцэл нь ялагдахын шалтгаан, зохицохуйн төлөөх тэмцэл нь оршихуйн үндэс болдог болохыг бид өдөр ирэх тусам мэдэрсээр байна.

Эдүгээ дэлхий даяар нүүрлэсэн цар тахлын үед халдвар Монгол Улсын хэмжээнд дотооддоо тархаагүй цөөхөн орны нэг байгаа нь биднийг зарим талаар байгаль дэлхийтэйгээ зохицон аж төрсөн уламжлалтайгаа холбон үзэхэд хүргэж байна. Бид технологийн хөгжилд дулдуйдан эх дэлхийгээ эзэрхэх бус, эвсэн эвлэлдэхийн төлөө оюун ухаан, хүчин чадлаа нэгтгэмээр байна.

Байгаль дэлхийг хамгаалах, хувь хүн бүр эх дэлхийдээ ээлтэй амьдрах нь улс орнууд болон хүн төрөлхтөний ирээдүй үеийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага болоод байна.

Ноён Дарга аа,

Өнгөрсөн 75 жилд НҮБ дэлхийн үндэстнүүдийг нэгэн дээвэр доор нэгтгэж, хөгжил дэвшлийн зүг залуурдах үүрэг, хариуцлагаа хангалттай биелүүлж ирлээ. Гэхдээ олон улсын харилцааны шинэ сорилтуудыг даван туулахын тулд өөрчлөгдөн буй нөхцөл байдалтай илүү уялдах, үйл ажиллагаагаа илүү боловсронгуй болгох, арга барилаа өөрчилж шинэчлэх хэрэгцээ, шаардлага тулгарч байгаа бөгөөд энэ чиглэлээр цаашид улам бүр шинэлэг, зоримог алхмууд хийх нь чухал байна.

Эх дэлхий, хүмүүн төрөлхтний амар тайван, сайн сайхны төлөө илүү боловсронгуй НҮБ-ыг хамтдаа бүтээж, хамтдаа хөгжиж дэвшицгээе.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Холбоотой сэдвүүд

нүб х.баттулга

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.