ЛОНДОН. /BBC/. Өнөөдөр эхэлж буй шинэ долоо хоногт болох онцлох, сонирхолтой үйл явдлуудыг Их Британийн “BBC” суваг онцолсон байна.


  • Дэлхийн хамгийн том сонгуулийн дүнг зарлана


Энэтхэгт долоон үе шаттайгаар явуулсан бүх нийтийн сонгуулийн санал хураалтын дүнг тавдугаар сарын 23-ны пүрэв гарагт олон нийтэд танилцуулна. Уг сонгуульд санал өгөх эрхтэй 900 сая гаруй сонгогч /Европ, Австралийн хүн амыг нийлүүлснээс их/ оролцсонтой холбогдуулан дэлхийн хамгийн том сонгууль хэмээн нэрлэж байна. Энэхүү сонгуулиар Энэтхэгийн парламентын доод танхимын 543 гишүүнийг сонгох юм. 


  • Европчууд санал өгөх байруудыг зорино


Тавдугаар сарын 23-26-нд Европын парламентын 700 гаруй гишүүнийг сонгох сонгууль болно. Тэд ЕХ-ны гишүүн 28 орны 500 сая гаруй хүнийг төлөөлнө. Их Британи ЕХ-ноос гарах тухай санал асуулгыг гурван жилийн өмнө явуулж байсан хэдий ч тус улсын парламент ЕХ-ноос гарах гэрээг батлаагүйтэй холбоотойгоор энэ удаагийн сонгуульд оролцоно. 


  • Төмөр сэнтийд хэн залрахыг олж мэднэ


Энэ долоо хоногт найман жилийн турш үргэлжилсэн "Хаадын тоглоом" цувралын наймдугаар бүлгийн хамгийн сүүлийн зургадугаар анги үзэгчдийн хүртээл болно. Төмөр сэнтийд хэн залрах нь олны хувьд таамаг хэвээр байна. Цувралын ангиуд үзэгчдийг үзэл бодлоор нь хэдэн хэсэг болгон хуваасан боловч тэд сайхан төгсгөлийг хүлээж байна. Хэрэв та энэхүү цувралын шүтэн бишрэгч биш бол үүний талаар дахин сонсохгүй боллоо гэсэн үг.


  • Цэцэгсийн улирал


Лондон хотын хамгийн нэр хүндтэй цэцгийн үзэсгэлэн болох “Chelsea” үзэсгэлэн энэ долоо хоногт болно. Энэхүү үзэсгэлэнг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган хүн ирж, үзэсгэлэнтэй цэцэгс болон орчин үеийн цэцэрлэгийн дизайныг сонирхдог байна. Энэхүү арга хэмжээ тавдугаар сарын 21-25-нд болох ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг