Мандал даатгал нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд бүрд нээлттэй эрсдэлийн боловсрол олгох “Мандал Эрсдэлийн Сургууль”-ийг байгуулаад ердөө сар гарангийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд уг сургууль 2000 гаруй идэвхтэй сурагчидтай болж, эрсдэлийн мэдлэгтэй хүүхэд багачуудын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа билээ. Иймд, төсөл санаачлагчдын зүгээс онлайн хичээлд хамрагдсан хүүхдийн олж авсан мэдлэгийг бататгах, эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Эрсдэл миний нүдээр” гар зургийн уралдааныг амжилттай зохион байгуулж дууслаа.


Уг уралдаанд хүүхэд багачууд 4-6, 7-9, 10-12 гэсэн гурван насны ангилалд ур ухаан, уран сэтгэмжээрээ өрсөлдөн, 307 бүтээлийг ирүүлснээс, шилдэг 10 бүтээл, тусгай байрын 5 бүтээлийг тус тус шалгарууллаа. Бүтээлүүдийг төслийн баг болон Монгол Арт Галерейн мэргэжлийн зургийн багш нар хамтран шалгаруулсан гэдгийг онцолж байна.  Ирсэн бүтээл бүр хүүхдийн эрсдэлийг харах өнцгийг тодоос тод тусгасан байсан нь тэдний ирээдүйд хийгдсэн хөрөнгө оруулалт нүдээ олжээ гэдгийг баталж буй.

Монгол Улсын нийт хүн амын гуравны нэгийг 0-19 насны хүүхдүүд эзэлдэг. Гэвч жилд тэдгээрийн 40 гаруй мянга нь гэнэтийн ослын хохирогч болж, эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна. Уг харамсалтай статистикийн шалтгааныг эцэг эхийн хараа хяналт, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай холбон харж болох ч, нөгөөтээгүүр улс орны ирээдүй болсон хүүхдүүд маань өөрсдөө “эрсдэл” гэдэг зүйлийн талаарх ойлголт маш багатай байна.

Эцэг эх бүр хүүхдүүдээ амжилттай, бүтээлтэй, аз жаргалтай хүн болоосой гэж хүсдэг. Харин амжилттай бизнесмен, амжилттай инженер, шилдэг удирдагч болохын тулд заавал эрсдэлтэй нүүр тулах хэрэгтэй болно. Эрсдэл бол гарцаагүй. Гэтэл харамсалтай нь тэдэнд эрсдэлийн талаарх ХИЧЭЭЛ орохгүй байна. Уг асуудлыг хөндөж эхлэхэд “муу амлах” гэдэг үгээр сэдвийг хаачихдаг муу талтай. Эцэг эх бидний хандлага бас үүнд нэлээдгүй нөлөөг үзүүлдэг ба бодит байдлыг хүлээн авч хүүхдэд учрах эрсдэлийг харах өнцгөө өөрчлөх тал дээр ажиллах цаг болсныг дээр дурдсан тоонууд гэрчилнэ.

Дан ганц “болохгүй” гэдэг үгээр хүүхдээ эрсдэлээс хамгаалж чадахгүй учраас тэдний нас насанд таарсан мэдээллийг зөв зохистой замаар хүргэж байх нь эцэг эхчүүдийн хамгаас сайн биелүүлж чадах үүрэг билээ. Хүүхэд бүрт ирээдүйд мөрөөдөлдөө хүрэх боломж бий. Харин тэрхүү замд тэдний учрах эрсдэлийг хэрхэн удирдах мэдлэгийг олгох нь тэдний ирээдүйд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт мөн юм.  

Цаг гарган, хүүхдүүдтэйгээ хамт хичээлээ үзэж, ярилцаж, бодлоо уран зураг болгох боломжийг бүрдүүлсэн гэр бүлийнхэнд нь, мөн идэвх чармайлт гарган оролцсон хүүхэд бүрдээ чин сэтгэлийн томоос том талархал илэрхийлье!

“Мандал Эрсдэлийн Сургууль”-д суралцах боломж бүх хүүхдүүдийн өмнө нээлттэй бөгөөд та www.mandalschool.mn вебсайтаар бүртгүүлэн үнэ төлбөргүй хичээлдээ хамрагдан батламжаа гардан аваарай! 

/Уралдаанд ирсэн шилдэг бүтээлүүдтэй танилцана уу!/