Манай иргэдийн 70 хувь нь сайн дурын даатгалд хамрагддаггүй

Х.Оргил
06 сарын 27, 2019

2018 онд СЗХ-оос хийсэн “Монгол Улсын санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг үнэлэх” судалгааны үр дүнгээс харахад нийт иргэдийн 94.5 хувь нь ямар нэгэн байдлаар албан ёсны санхүүгийн үйлчилгээнд хамрагддаг хэдий ч тэдний 70 хувь нь сайн дурын даатгалд хамрагддаггүй гэсэн дүн гарчээ. Энэ нь манай улсад даатгалын хүртээмж хангалтгүй байгааг илтгэж байна.

2018 оны эцсийн байдлаар даатгалын салбарын хөрөнгө 331.9 тэрбум төгрөг буюу өмнөх онтой харьцуулахад 35.6 хувиар өссөн дүнтэй гарлаа.

Нийт хураамжийн орлого 178.7 тэрбум төгрөг буюу 2017 оноос 23.8 хувиар өссөн байна.

Хэдийгээр тасралтгүй өсөж байгаа ч гэлээ даатгалын салбарын хөгжлийн гол үзүүлэлтүүд тааруу хэвээр байгаа аж. 

Олон улсын жишгээр даатгалын хөгжлийн түвшинг гүнзгийрэлт, нягтрал гэсэн үзүүлэлтүүдээр хэмждэг. Даатгалын гүнзгийрэлт гэдэг нь хураамжийн нийт орлогыг ДНБ-д харьцуулсан, нягтрал гэдэг нь нэг хүнд ногдох даатгалын хураамжийн орлогоор тооцсон үзүүлэлт юм. 

Манай улсын даатгалын гүнзгийрэлт 2017 оны байдлаар 0.56 хувь байгаа нь дэлхийн дунджаас 10 дахин бага, хөгжиж буй орнуудын дунджаас 5 дахин бага, харин даатгалын нягтрал ойролцоогоор 18.4 ам.доллартай тэнцүү байгаа нь дэлхийн дунджаас 35 дахин бага, хөгжиж буй орнуудын дунджаас 9 дахин бага байгаа юм.

Холбоотой сэдвүүд

даатгал даатгалын компаниуд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.