Мягмар гаригт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Жое Байден ялах нь тодорхой болж байна. Нийт 538 тойрогийн саналаас 270-ыг авахад Цагаан Ордонд сонгогдсонд тооцно. Ардчилсан Намаас нэр дэвшигч Жое Байден 264 санал буюу 50.5 хувийн санал авсан бол Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 214 санал буюу 47.9 хувийн санал аваад байна.

Ерөнхийлөгч Трамп дахин сонгогдох магадлал тун бага боллоо. Тэрээр өнөөдөр Цагаан Ордонд 15 минутын турш хийсэн мэдэгдэлдээ тус улсын ардчилсан сонгуулийн үйл явцыг шүүмжилж, "надаас сонгуулийн дүнг булаалаа" гэж мэдэгдсэн байна. Аризона, Жоржиа, Умард Каролина, Невада болон Пеннсилваниа мужуудад шуудангаар ирүүлсэн саналын хуудсуудыг тоолох ажил үргэлжилж байна.

Трамп дээрх мужуудын сонгуулийн хорооны ажилтнуудыг сонгууль будлиантуулсан гэж буруутгаж заримыг нь шүүхэд өгсөн ч зарим шүүгчид хэргийг шууд хэрэгсэхгүй болгосон.

Байден Трампыг 3.9 сая сонгогчийн саналаар илүүрхэж байна. Гэсэн ч түүхийг эргэн санахад Трамп 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч  Хиллари Клинтоноос 3 сая саналаар дутуу байсан ч хэд хэдэн гол мужуудад тойргийн саналыг дахин тоолж авсанаар ерөнхийлөгч болж байсан юм.