БНХАУ одоогийн болон ирээдүйд түншлэх орнууддаа “солонгон өнгөтэй зураг” зурж өгсөөр байна. Хятадын Сямэнь хотод болсон БРИКС-ийн чуулга уулзалтаар тэд дараагийн 10 жилийг “Алтан” байна хэмээн тодорхойлов. Тодруулбал, хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг “цэнхэр”, бас “ногоон” болох аж. Түүнчлэн гишүүн орнуудыг үндэсний мөнгөн тэмдэгт, криптовалютын хэрэглээнд шилжүүлэх, Торгоны замыг Бээжингээс Берлин хүртэл үргэлжлүүлэх зэрэг асуудлаар хэлэлцжээ. 

Хөгжиж буй таван орон болох Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн уулзалтыг “БРИКС: Цэлмэг ирээдүйн төлөө хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” гэх сэдвийн доор зохион байгуулж байна. 

БРИКС-ийн гишүүн орнуудын харилцаа, таарамжид эргэлзэх хэрэггүй. Энэтхэг, Хятад хоёр газар нутгийн маргаантай байгаа ч энэ нь чуулга уулзалтад саад учруулаагүй. Тэр ч бүү хэл, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Сямэнь хотод ирсэн гэв. Харин бусад гишүүн орны дунд санал зөрөлдсөн асуудал одоогоор гараагүй. 

Ноён Ши Жиньпин хурлыг эхлүүлэхдээ “Улс орнууд маань уул, усаар зааглагдсан ч өнөөдөр бид нэгэн дээвэр доор цуглалаа. Жинхэнэ нөхөрлөл юу юунаас ч хүчтэй билээ” хэмээжээ. Тэрбээр 2030 он гэхэд тогтвортой хөгжлийг цогцлоохоор ам гарлаа.

Энэхүү чуулганаар хэлэлцэх асуудал, шийдвэрүүд дэлхийн хүн амын 42 хувь буюу 2,9 их наяд хүний хувь тавиланг тодорхойлох ба таван улсын тэргүүн ирэх 10 жил бүх талаараа “Алтан” байна гэсэнд санал нэгдсэн юм. Ингээд чуулганы үеэр хэлэлцсэн чухал асуудлуудыг тоймлон хүргэж байна. 

БРИКС-ийн тэргүүнүүд БНАСАУ-ын цөмийн пуужингийн туршилтыг буруушаагаад, иймэрхүү асуудлыг тайван замаар шийдвэрлэхээр тохирчээ. Энэ нь хэзээ мөдгүй дайн болно гэсэн айдастай хүмүүст тайтгарал болсоныг ажиглагчид хэлэв.

“Ногоон эдийн засаг” байгальд ээлтэй, “цэнхэр эдийн засаг” нь биотехнологи, далай тэнгисийн аялал жуулчлал, усан аж ахуйг хөгжүүлэх явдал юм. БРИКС эдийн засгийн энэ төрлүүдийг цогцлоож чадна гэдгээ мэдэгдсэн. 

Ноён Ши Жиньпин чуулга уулзалтын үеэр “тууштай, хичээнгүй сямэньчүүд хотоо цэцэрлэгт хүрээлэн болгосон” хэмээн магтав. Тус хотын тухайд гэвэл ДНБ нь 56 тэрбум ам.доллар, хотын дэд бүтэц дэх хөрөнгө оруулалт өмнөх оноос 14 хувиар өссөн, олон улсын 30 нисэх онгоцны буудалтай,усан тээврийн багтаамжаар дэлхийд 15-д жагсдаг. Сямэний 40 хувь нь ногоон байгууламжаас бүрддэг аж. Хятадын дарга дэлхийн ажилчин ангийн хөгжлийг Сямэнь хоттой зүйрэллээ.

Өмнө дурдсан хөгжлийн хөтөлбөрүүдээсээ гадна Ши Жиньпин улс төрийн сэлгээ, эдийн засаг, худалдааны салбарт бодитой хамтын ажиллагаанд 76 сая ам.доллар зарцуулахаа хэллээ. Харин Ерөнхийлөгч Владимир Путин сансар судлал, эрүүл мэнд, мэдээллийн аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг БРИКС-ийн гишүүдээс хүссэн байна. 

Энэ удаагийн чуулга уулзалтаас анхаарал татсан гол сэдэв нь америк доллараас хараат байдлыг бууруулах явдал юм. Маргаашаас эхлэн хэрэглээнээс шахна гэсэн үг биш ч цаашдаа БРИКС болон түнш орнуудын гүйлгээнд ам.доллар ашиглахаа болих аж. Түнш орнуудад Египет, Гвиней, Мексик, Тажикистан болон Таиланд зэрэг орон багтана.

БРИКС-ийн гишүүн орнууд 2016 онд 197 сая ам.долларын хөрөнгө оруулалт гаргасан. Гэвч үүний таван хувийг л гишүүн орнуудад оруулжээ. Харин үндэсний мөнгөн тэмдэгтийн хэрэглээ, үнэ цэнийг нэмснээр байдал дээрдэнэ гэж тооцооллоо. Хятад улс гэхэд л хөгжил цэцэглэлдээ олон тэрбум доллар зарцуулж, үүнийгээ биткоин болгох юм байна.

Ноён Владимир Путин дижитал эдийн засгийн хөгжлийн талаар дурдахдаа “Олон улсын хөгжлийг хөдөлгөх хүч нь болж, хөдөлмөрийн бүтээмж, амьжиргааг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл бол тоон хэл буюу дижиталчлал. Тиймээс технологийн шинэ шийдэл гаргаж, үүгээр зөвхөн том корпорацууд биш, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ч БРИКС-ийн зах зээлд ороход нь тус болох ёстой” гэжээ. Түүнчлэн харилцаагаа батжуулахын тулд БРИКС-т зориулсан телевизийн тусгай суваг нээх санал тавьсан юм.