Үндэсний статистикийн хорооноос Улаанбаатар хотод 2019 оны тавдугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ДОХ-ын халдвар авсан  иргэний тоо 272 болсныг мэдээлэв.

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт Судалгааны Албаны судалгаанаас үзэхэд Монголд ХДХВ-ийн халдвартай байж болзошгүй 584 хүн бий. Үүнээс 38,4 хувийг л илрүүлээд байгаа гэжээ. Харамсалтай нь эдгээр илэрсэн ДОХ-той хүмүүсийн 44 хувь нь ямар нэгэн зовиур илэрсний дараа л эмнэлэгт хандаж өвчнөө оношлуулсан болохыг судалгаа батална.

Мөн өнгөрсөн онд бэлгийн замаар дамжих халдварын 13.127 тохиолдол гарчээ. Үүний 33.9 хувийг заг хүйтэн, 38.2 хувийг тэмбүү, 27.8 хувийг трихомониазын халдвар, 0.1 хувийг хүний дархлал хомсдлын вирусын /ХДХВ/, ДОХ эзэлжээ.

Одоогийн байдлаар ХДХВ, ДОХ-ын халдварын улмаас 42 хүн нас барсан. Нийт тохиолдлын 61 хувийг 25-39 насныхан эзэлдэг аж.

Мөн ихэнх нь гей буюу эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд ордог залуус, биеэ үнэлэгч эмэгтэйчүүд, хар тамхи мансууруулах бодис тарьж хэрэглэдэг хүмүүсийн дунд илэрдэг байна.