Монгол улсын хувьд 1992 онд ДОХ өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн байдаг. Өнөөдрийн хувьд 266 тохиолдол илрээд байгаагаас энэ онд 16 хүнийг шинээр оношилжээ. Манай улсад ДОХ өвчний тархалт, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт Судалгааны Албаны эрхлэгч Б.Оюунбэлэгтэй ярилцлаа.


-Дэлхий дахинд ДОХ өвчний талаарх ойлголт хэр өөрчлөгдөж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд ХДХВ, ДОХ өвчний талаарх тоо баримт, хандлага харьцангуй эерэг болж байна. Хэдий чинээ эрт буюу халдварыг тээж явах үед эмчилгээнд хамруулж чадах юм бол тухайн хүн заавал ДОХ-ын шалтгаант өвчнөөр хүндрэхгүй байх боломжтой болсон. Энэ хандлагыг ч дэлхий нийт хүлээн зөвшөөрч ойлголт өөр болж эхэлжээ. Өнгөрсөн жил гэхэд дэлхий дахинд 21 сая хүнийг эмчилгээнд хамруулсан. Ингэснээр ДОХ өвчний насбаралтын тоо анх удаа 1 саяас доош буюу 940 мянга болж буурлаа. Өмнө нь 2010 онд 2.1 сая нас баралт бүртгэгдэж байсан юм. 


-ДОХ өвчний вирусын эсрэг эмчилгээ хэр үр дүнтэй байдаг вэ?

-Гол нь эрт оношлуулах хэрэгтэй. Ингэснээр ДОХ өвчний вирус байх боловч  цусан дахь түвшинг маш сайн багасгадагаараа давуу талтай. Ингээд вирус нь буучихвал хүнээс хүнд, эмч эмнэлэгийн ажилтнууд тусламж үзүүлж байхад халдах магадлал нь багасдаг. Тийм учраас л аль болох эртхэн эмчид хандаж, эрт илрүүлгэд хамрагдах үр дүнтэй. Өнөөдөр Африк  төв Америкийн орнуудад ДОХ өвчний тохиолдол буугаад байхад манай хоёр хөршийн тархалт эрс нэмэгдчихлээ.


-ДОХ өвчний халдвар ямар бүлгийн хүмүүсийн дунд түлхүү илэрдэг вэ?

-Ихэвчлэн гей буюу эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд ордог залуусын дунд, биеэ үнэлэгч эмэгтэйчүүд, хар тамхи мансууруулах бодис тарьж хэрэглэдэг хүмүүсийн дунд илэрдэг. 

Тийм учраас энэ эрсдэлт бүлгийн хүмүүс рүү чиглэсэн үйл ажиллагааны санхүүжилтэд анхаарахаас аргагүй. 

Үүнийг дэлхий нийтийн судалгаа ч харуулдаг. Өнөөдрийн байдлаар энэ ажлуудын ихэнх нь донорын байгууллагуудын нуруу дээр л явж ирлээ. Глобал сангийн үйл ажиллагаа зогсох л юм бол төр үүнийг дааж явахаас өөр замгүй. 


-ДОХ өвчнийг өөрсдөө шинжлэх тест гарсан гэсэн. Энэ аргын талаар танилцуулахгүй юу?

-Орчин үеийн олон судалгаа, шинжилгээ дээр суурилсан шүлсээр шинжлэх арга нэвтрээд байна. Жирэмсний тест шиг зүйл. Ялгаа нь шүлсэндээ л ХДХВ, ДОХ өвчний вирусын халдвар авсан эсэхийг мэдэх арга л даа.

Хамгийн сүүлд НҮБ-аас зөвлөсөн шинэ арга учраас ирэх жилээс Монголд оруулж ирэх талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч нэвтрүүлэх тал дээр ажиллана.


-Ялгаварлан гадуурхалт их байх тусам халдвар авсан хүн өвчнөө нуудаг гэдэг үнэн үү?

-Нийгмийн хандлага, ялгаварлан гадуурхалтаас шалтгаалж зарим хүн өвчтэй гэдгээ мэддэг ч ханддаггүй гэсэн судалгаа бий. Жишээ нь тухайн хүн бэлгийн өөр чиг баримжаатай бол ДОХ өвчний халдвар тээгч гэдгийг нь мэдвэл бүр ч ихээр ялгаварлан гадуурхагдана гэхээс айдаг. 

Үүнээсээ болоод нуугдмал айдас тээж эмнэлэгт ханддаггүй. Харин эсрэгээрээ нийгмийн зүгээс дарамт шахалтгүй, ялгаварлан гадуурхдаггүй улс орнуудад эдгээр эрсдэлт бүлгийнхэн эрт эмнэлэгт хандаж эмчилгээгээ хийлгэдэг юм билээ. Энэ чинь эргээд дараа дараагийн хүндээ халдвар дамжуулахгүй болно л гэсэн үг. 

Манай улсын хувьд ДОХ-той хүмүүсийн 44 хувь нь ямар нэгэн зовиур илэрсний дараа л хандсан байдаг. Энэ зөвхөн эмнэлэгт хандаж байгаа тоо шүү дээ. Гэтэл ямар нэгэн зовиур илрээгүй хэрнээ халдварын авчихсан хүмүүс бидний дунд бий. Энэ хүмүүс шинжилгээнд хамрагдахгүйгээр ДОХ өвчтэй гэдгээ мэдэх боломжгүй. Тиймээс ямар нэгэн зовиургүй, эрсдэлт бүлгийнх биш ч гэсэн хагалгаанд орсон, шүдээ авахуулсан, цус сэлбүүлсэн л бол шинжилгээнд хамрагдаарай гэж уриалмаар байна. 

Эрт мэдэх тусам дараа дараагийн хүндрэл өгөхөөс өмнө эмчилгээнд орж чадна. Ингэснээрээ өөрийнхөө хайртай хүн, гэр бүл, ойр тойрныхоо хүмүүсийг хамгаалж байна гэсэн үг. 


-Үүнтэй холбоотой жишээ бий юу?

-ХДХВ, ДОХ өвчний халдвартай гэж бүртгэгдэхэд тухайн хүн 2 эмчийн хяналтад ордог. Биеийн байдал, эмчилгээг нь эмнэл зүйч, ямар хүнтэй бэлгийн харилцаанд орсон эсэх, халдвар авсан боломж, эрсдлийг нь халдвар судлаач судладаг.

Халдвар тээгч гэдгээрээ тэр хүн нийгэмдээ гадуурхагдаж, гэр бүлгүй, үр хүүхэдгүй байх ёстой биш. Тэдний энэ асуудал дээр халдвар судлаач эмч нар чиглүүлж туслаад явдаг. Гэтэл тухайн зарим хүн яагаад нууцыг нь асууж шалгаагаад байгаа юм бэ гэж дургүйцдэг. Мэдээж ямар ч хүний бэлгийн амьдрал нууц. Гэхдээ ингэж судласнаар дараагийн ХДХВ, ДОХ өвчтэй хүнийг эрт илрүүлж эмчилгээнд оруулах зорилго бий.

Нэг удаа халдвартай хүний хавьтагч руу бид утасдаж “Шинжилгээнд ороорой” гэж хэлсэн юм. Гэтэл өмнөөс “Миний асуудал та нарт хамаагүй, би өөрийгөө мэдэж байгаа. 

Надад ямар ч зовиур алга” гээд халгаагаагүй. Харамсалтай нь 3 жилийн дараа тэр хүн маш хүнд, амьсгалын аппаратгүйгээр амьсгалж чадахгүй болтлоо хүндэрчихсэн ирсэн. Тиймээс бидэнтэй үг солиж ч чадаагүй, бичгээр харилцахад "Эмчээ надад туслаач" гэсэн байв. Гэвч хэдийн оройтсон учраас удалгүй нас барсан. Эмч рүү эдгээчих болов уу гэж горьдсон харцаар бичиж өгсөн тэр үгс, тэр нөхцөл байдал зүрх зүсэм санагдсан даа. 

Гэвч бид бурхан биш шүү дээ. Уг нь анх хандахад л эмчилгээндээ хамрагдсан бол ажлаа хийгээд явах боломж байсан. Ер нь монголчууд бид ямар ч өвчнийг заавал хүндэрсэн хойно нь ханддаг зангаа орхих цаг нь болсон. Харин өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж сурмаар байна.

Магадгүй та шүдээ эмчлүүлж, хагалгаанд орж байсан л бол юмыг яаж мэдэхэв гээд шинжилгээнд хамрагдаарай.

Магадгүй эхнэртэй, нөхөртэй болохоосоо өмнө бэлгийн хамтрагчтай байсан бол шинжилгээ өгөөрэй. Тухайн хүндээ итгэдэг ч цаанаа хэдэн бэлгийн хавьтагчтайг та мэдэхгүй шүү дээ. Тийм учраас эрүүл эсэхээ батлаад шинжилгээ өгчихөөд сэтгэл амар, айдасгүй амьдраасай гэж хүсдэг.


-Магадгүй ХДХВ, ДОХ өвчнийг ижил хүйстэн, биеэ үнэлэгч нарт л хамааралтай гэж ойлгодог хүмүүс юу хэлэх вэ?

-Зарим хүмүүс яг ийм ойлголттой явдаг. Гэтэл биосексуал хүн гэхэд аль ч хүйсийнхээ хүмүүстэй бэлгийн харилцаанд ордог учраас цаана нь эрсдэл бий. Бас энэ вирус зөвхөн бэлгийн замаар халддаггүй, цус цусан бүтээгдэхүүнээр халддаг учраас ямар нэгэн байдлаар эрсдэлтэй байж магадгүй л гэж бодсон бол шинжилгээнд хамрагдах нь зөв. 

Цаашид ХДХВ, ДОХ, гепатит В, тэмбүү гэж тусад нь ярихгүй. Энэ бүх өвчин цусаар дамжиж халддаг учраас нэгдсэн нэг ойлголттой байж халдвараас сэргийлнэ гэдгийг ДЭМБ-аас анхааруулж байна. Ялангуяа эдгээр өвчнийг ээжээс хүүхдэд халдаахгүй байх боломжтой. 


-Энэ бүхэн бэлгийн боловсрол тааруу байгаагийн үр дүн гэж үзэж болох уу?

-Нэг үеэ бодвол энэ тал дээр ахиц гарч байгаа. Ядахдаа л ЕБС-ийн сурагчдад эрүүл мэндийн хичээлийг оруулдаг боллоо. Анги тус бүрт нь тохирсон, маш цэгцтэй хөтөлбөртэй юм билээ. Аливаа зүйлийн үр дүн дараа гардаг. Өнөөдөр заасан хичээлийн үр дүн энэ насныхан ээж аав болоход мэдрэгдэнэ

2003 оноос хойш ДОХ, сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд бэлгэвчийг маш их ярьсан. Тухайн үед, бүр 2008 он хүртэл үр дүн нь төдийлэн харагдаагүй. Харин энэ жил НҮБ-ын судалгааны байгууллагаас ирж ажиллахад бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг явуулсны үр дүнд 12 мянга гаруй хүнийг ХДХВ-ийн халдвар авахаас сэргийлж чадсан гэсэн дүн гарсан. 

Хэрэв энэ хөтөлбөр хэрэгжээгүй бол ХДХВ-ийн халдвартай хүн 12 мянга хүрэх байлаа.


-Бэлгийн замын халдварт өвчлөл хэр нэмэгдэж байна вэ?

-Жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Энэ оны 10 дугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын 13.127 тохиолдол гарсан. Үүний 33.9 хувийг заг хүйтэн, 38.2 хувийг тэмбүү, 27.8 хувийг трихомониазын халдвар, 0.1 хувийг хүний дархлал хомсдлын вирусын /ХДХВ/, ДОХ эзэлсэн. 

Манай улсад 1992 онд ХДХВ, ДОХ-ын халдварын анхны тохиолдлыг бүртгэж, одоогоор 267 тохиолдлыг илрүүлээд байна. Одоогийн байдлаар ХДХВ, ДОХ-ын халдварын улмаас 42 хүн нас барсан. Нийт тохиолдлын 61 хувийг 25-39 насныхан эзэлдэг. 

2017 онд ХДХВ, ДОХ-той гэж бүртгэгдсэн тохиолдлын 44 хувь нь ДОХ-ын хожуу үедээ оношлогдсон. Тэдний дунд өвдөж эмнэлэгт хандсанаас гадна сайн дурын илрүүлгээр илэрсэн нь ч бий.

Монголд ХДХВ-ийн халдвартай байж болзошгүй 584 хүн бий. Үүнээс 38,4 хувийг л илрүүлээд байна. Залуус маань бэлгийн замаар дамжих халдвараар хэн ч өвдөж болно гэдгийг ойлгоосой. Энэ бол бэлгийн замаар дамжих халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орж дамждаг өвчин. Хэрэв төгс эмчлүүлэхгүй бол үргүйдэл болон умайн гадуурх жирэмслэлтийн шалтгаан болдог.


-Халдвар тээгчдийн цөөнгүй хувийг эзэлдэг биеэ эмэгтэйчүүдийн асуудал дээр хууль эрх зүйн зохицуулалт нь ямар байна вэ?

-Биеэ үнэлэгч нар өмнөх зуунд ч байсан, одоо ч байгаа асуудал. Тиймээс дэлхий нийт энэ хүмүүстэй хатуу гараар тэмцээд үр дүнд хүрэхгүйг ойлгочихсон. 

Ерөөсөө биеэ үнэлэгчдийг барьж цагддаг орнуудад ХДХВ, ДОХ болон бэлгийн замын халдвар буурахгүй байгаа нь нууц биш. Яагаад гэвэл энэ нь улам ч нууц байдалд оруулчихдаг талтай. Тэр хэрээрээ БЗХӨ-ий илрүүлэлт багасна.Тийм учраас хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгвөл халдвараас сэргийлэх боломж бий.

-Үүнээс гадна бэлгийн замын халдварт өвчин тэр дундаа төрөлхийн тэмбүү өвчин нэмэгдсэн гэсэн. Үүний шалтгааныг дурьдвал?

-Өнөөдөр бүртгэлтэй байгаа ДОХ-той 16 эхээс 24 хүүхэд төрсөн ч эхээс халдвар дамжсан тохиолдол гараагүй.Энэ бол сайн үзүүлэлт. Гэтэл төрөлхийн тэмбүүтэй, гепатит В вирустэй төрөлт эрс нэмэгдчихлээ. Манай улсын 15-49 насны жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах тэмбүүгийн тархалт Ази номхон далайн баруун эргийн бүсийн орнуудаас 5 дахин өндөр байна.

Энэ бол эрт илрүүлгийг хэрэгжүүлж хянаж чадахгүй байгаагийн илрэл. Тиймээс ДЭМБ-аас гурвалсан халдварын устгал гэдэг зүйлийг нэвтрүүлж байна. Энэ нь аав ээжээс хүүхдэд тэмбүү, В гепатит, ДОХ өвчнийг халдаахгүй байх урьдчилсан сэргийлэх хөтөлбөр юм. Үүн дээр хамгийн гол хүн жирэмсэн эхчүүд анхаарал хандуулж, эмнэлэгийн байгууллагадаа эрт хандаж хяналтадаа орж эмчлүүлэх  хэрэгтэй байна. 

Бүртгэлтэй төрөлхийн тэмбүүтэй төрөлтийн ихэнх нь жирэмсний хяналтад ороогүй байдаг.

Хэрэв хяналтад орчих л юм бол дээр хэлсэн бүх өвчнийг эхээс урагт халдаахгүй эмчлэх бүрэн боломжтой. Гэтэл хариуцлагагүй, хэнэггүйгээс болоод хамрагдах ёстой шинжилгээгээ өгдөггүй. 

Бас нэг харамсалтай тоо нь төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн ээжүүдийн 70 гаруй хувь нь давтан төрөгч байгаа юм.

Өөрөөр хэлбэл жирэмсний хяналтын талаар ойлголттой байж үзүүлдэггүйгээс болоод үр хүүхдээ эрсдэлд оруулдаг. Судалгааны тооноос харахад 48 төрөлтөөс 13 нь энджээ. 10 сар тээчихээд эмчилэгддэг өвчнөөс  болж хүүхдээ алдана гэдэг дэндүү харамсалтай зүйл.