Эмэгтэй улс төрчдөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сошиал платформууд жендэрийн хэвшмэл ойлголтоор ханддагийг олон судалгаа баталдаг. Жишээ нь эрэгтэй улс төрчийг илүү эерэг талаас нь үзүүлдэг бол эмэгтэй улс төрчдийг харагдах байдал, бэлгийн чиг хандлага, хувийн амьдралаар нь дүгнэж, нэр хоч өгөх доромжлох үзэгдэл байсаар иржээ.

Жишээ нь Камала Харрис АНУ-ын Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдоход түүний талаарх худал мэдээлэл твиттерт өмнөхөөсөө 3000 дахин хурдтай тархжээ.

Улс орнууд хэрхэн анхаарч байна вэ?

Сүүлийн жилүүдэд эмэгтэй улс төрчид, хүний эрхийн зүтгэлтнүүд энэ асуудалд онцгой анхаарч эхэлжээ. Жишээ нь: Америкийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн бүлгэм Фэйсбүүк компанид захидал илгээсэн юм. Тус захидалдаа эмэгтэй улс төрчдийг цахим халдлагаас хамгаалж, зүй бус агуулгатай контентийг нийтэд түгээхгүй байх тал дээр анхаарч үзэхийг сануулжээ.

Үүнтэй ижил төрлийн компанит ажлууд дэлхий даяар өрнөж байна. 

  1. Англид #NotTheCost, Reclaim the Internet

  2. Германд #WebWithoutViolence, 

  3. Кенид #BetterThanThis хөдөлгөөнүүд өрнөж байна. 

Тухайлбал Вашингтон хотод байрладаг Үндэсний Ардчиллын Хүрээлэнгээс анх 2016 онд #NotTheCost хөдөлгөөний өрнүүлж байжээ. Энэхүү хөдөлгөөн нь эмэгтэйчүүд улс төрд ажиллахад бие болоод сэтгэлзүйн хувьд ямар хүнд сорилтуудтай тулгардгийг олон нийтэд ойлгуулахыг зорьсон аж. Мөн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, тэмцэх зорилгоор байгуулагдсан юм. Өнгөрсөн онд тус байгууллага #NotTheCost хөдөлгөөний таван жилийн ойгоороо  #think10  хөдөлгөөнийг эхлүүлжээ. 

Мөн 1970-1980 онуудад өрнөж байсан “Reclaim the Night” (тухайн үед хэн нэгний халдлагад өртөж магадгүй гэж үзээд эмэгтэйчүүдийг харанхуй болсны дараа гадуур явахыг зөвлөдөггүй байжээ.) хөдөлгөөнөөс санаа авчээ. “Reclaim the Internet” нь ХМХ, сошиал сүлжээнд эмэгтэй улс төрчидтэй холбоотой худал мэдээлэл, гүтгэлгийг таслан зогсоох зорилготой. 

Германд #WebWithoutViolence хөдөлгөөн мөн л сонирхол татдаг. Интернэт хэрэглэгчдийн тоо ихсэх тусам зүй бус агуулгатай контентууд, бие биенийгээ үзэн ядсан постууд өссөөр буй. Ялангуяа эмэгтэй улс төрчид рүү чиглэсэн цахим хүчирхийлэл газар авч байгаа тул #WebWithoutViolence 2019 оноос өрнөж эхэлжээ.

Эмэгтэйчүүдийн хэвлэл мэдээллийн сан гэх олон улсын байгууллага нь цахим орчинд эмэгтэй улс төрчид халдлагад өртөж, худал мэдээллийн бай болдог үзэгдэлтэй тэмцэхээр хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Хөтөлбөрт хамрагдсан бүсгүйчүүд сошиал халдлагаас хэрхэн өөрийгөө хамгаалах, өөрийн цахим хаягаа хэрхэн хамгаалалттай болох талаар мэдээлэлтэй болдог юм. Одоогоор Кени, Мексик, Шри Ланка улсуудад тус хөтөлбөр хэрэгждэг ажээ.

Ирланд улс онлайнаар эмэгтэй улс төрчдийг илтэд айлган сүрдүүлж, амь насанд нь заналхийлж, хэл амаар доромжилбол арга хэмжээ авч, хариуцлага тооцох хуулийн төслийг боловсруулж байгаа ажээ. Ингэхдээ шинээр Хэвлэл Мэдээллийн Зөвлөл байгуулах гэнэ.