Б.Болормаа
02 сарын 28, 2021
Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хүргэлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд манай улсад шинээр 41 хүнээс коронавирус илэрчээ. Эдгээр нь бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн байна.
Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл "Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын вакцинд дэлхийн 103 улс орны 236 сая хүн хамрагдаад байна. Энэ нь өдөрт дунджаар 6.7 сая хүн коронавирусийн вакцин хийлгэж байна гэсэн үг.
Вакцины үр дүнд дэлхий даяар коронавирусийн өвчлөл эрс буурч байсан. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд нас баралт 11 хувиар, өвчлөл 20 хувиар буурсан байсан.
Гэвч сүүлийн өдрүүдийн судалгаагаар өвчлөл буурахгүй тогтсон байна. Энэ нь магадгүй шинэ хувилбараар үүссэн вирусийн халдвараас шалтгаалсан, мөн хаврын дэгдэлт байж болзошгүй хэмээн үзэж байна.
Тиймээс эхний ээлжид иргэдээ дархлаажуулалтад сайн хамруулах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, гарын ариун цэвэр сахих зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг авах зэрэг нь зүйтэй гэсэн зөвлөмжийг эрдэмтэн, судлаачид өгч байна" гэлээ.
Дэлхий дахинд сүүлийн 24 цагийн хугацаанд 420 мянга гаруй хүн коронавирусээр өвчилж, 11 мянга орчим хүн нас барж, 401 мянга орчим хүн эдгэрчээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.