Peak.mn
11 сарын 19, 2025
НҮБ-аас жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдрийг дэлхийн жорлонгийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн дэлхийн жорлонгийн өдрийг “Өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцийн ариун цэврийн байгууламж” уриан доор тэмдэглэж байна.
НҮБ-ын мэдээллээр өнөөдөр дэлхийн хэмжээнд 3.4 тэрбум хүн шаардлага хангасан, аюулгүй, хүртээмжтэй ариун цэврийн байгууламжгүй хэвээр байна. Энэ нь хүн амын бараг тал хувийг хамарч байгаа бөгөөд ядуу, хөгжиж буй орнуудын хувьд хүүхдийн эндэгдэл, халдварт өвчин, ундны усны бохирдлын гол шалтгаан болсоор байна.
Манай улсад ч ариун цэврийн стандарт хангалтгүй хэвээр байна.
Монгол Улсын хэмжээнд нийт хүн амын 68 хувь нь стандартад нийцээгүй жорлон ашиглаж байгаа нь эрүүл мэнд, амьдрах орчин, нийтийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлсөөр байна. Ялангуяа хотын гэр хороолол болон хөдөө орон нутагт ил задгай байдлаар ашигладаг модон жорлон нь хөрс, гүний усанд халдвар үүсгэх эрсдэл өндөртэй байгааг судлаачид онцолдог.
НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) болон Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр, хүүхдүүдийн эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг асуудлын нэг нь бохирдсон орчин, ариун цэврийн муу нөхцөл хэмээн дурджээ
Шийдэл ба уриалга
НҮБ болон олон улсын байгууллагууд ариун цэврийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орчин үеийн шийдэл бүхий жорлонгийн технологийг улс орон бүрт нэвтрүүлэхийг уриалж байна. Монгол Улсын хувьд:
Гэр хорооллын ариун цэврийн дэд бүтцийг сайжруулах
Сургуулийн болон олон нийтийн байгууллагуудын жорлонг шинэчлэх
Хөрс, усны бохирдлыг бууруулах технологийг нэвтрүүлэх
Олон нийтэд хандсан сурталчилгаа, мэдлэг олгох хөтөлбөрийг өргөжүүлэх
зэрэг ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.