Workcentral Mongolia хамтын оффис нь MLab олон улсын хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө оруулалт авч, MSpace хэмээх шинэ төвтэй боллоо. 

Хотын төвд Централ таурын 13 давхрыг тэр чигээр нь эзлэх MSpace инновацийн төв нь ажилллаж суухад тав тухтай, харагдац сайтай гээд олон давуу талтай. Байрласан компаниуд хоорондоо санал бодлоо солилцох боломжтой, байнга бүтээлч арга хэмжээнүүд өрнөх аж. Энэ төвийн хувьд хамгийн гол зорилго нь монголын гарааны бизнесийг дэлхийд хүргэх юм. Тиймээс MSpace инновацийн төвд зөвхөн шалгарсан, MLAB хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө оруулалт авсан компаниуд л энд байрлана гэдгийг менежер Б.Батбаяр тодотгов.

Өмнө нь дундын оффисуудад зөвхөн компаниуд гарааны бизнесийнхэн байрладаг байсан бол энэ удаа Монголын зах зээлд том байр суурьтай, тогтвортой ажиллаж байгаа корпорациуд болон компаниудтай холбон ажиллахаар болжээ. Ингэснээс тэд хамтын ажиллагааны гүүр болж инновацийн төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэхэд туслах зорилготой юм.

MSpace-ийн нээлтэд монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх дундын оффис эрхлэгчид технологийн салбарын төлөөлөгчид хүрэлцэн ирж баяр хүргэсэн юм. 

Урилгаасаа ч олон зочид хүрэлцэн ирсэн нь энэ төрлийн төв залууст эрэлттэй байсных. Тэд нэгэнтэйгээ өрсөлдөхөөсөө илүүтэй гарааны бизнест хүч үзэж дэлхийд өөрсдийгөө сорихыг хүсч буй. Үүсгэн байгуулагчдын хувьд ч Монголын энтрепренершипийн эко системийн хөгжилд том хувь нэмэр оруулагч болохоор зориж буй. Мөн Стартап М болон Workcentral Mongolia компанийг өөртөө нэгтгэж нэг компани болсноороо бүс нутгийнхаа гарааны бизнесийн эко системийг хөгжүүлэх нөлөө бүхий компани болон өргөжиж байна.

Нээлтээ хийхээсээ ч өмнө олон улсын болон Монголын хэд хэдэн компани сонгогдож, тус төвд байрлан ажиллаж эхэлсэн талаар Дэлхийн шилдэг инкубатор, хурдасгуур хөтөлбөрүүдийн нэг Techstars компанийн Ази, Номхон далай хариуцсан салбарын захирал Д.Бат-Октябрь нээлтийн үеэр онцолсон юм. 

Techstars компанийн Ази, Номхон далай хариуцсан салбарын захирал Д.Бат-Октябрь:

Энд гэхэд 30-аад компани байрлана. Дахиад ч нэгдэх сонирхолтой компаниуд олон байна. Тиймээс бид дахиад 2 ч дундын оффис нээхээр төлөвлөсөн. Газар байрлал гэхээсээ илүү бүтээлч залуустай нэгдэж хамтарч ажиллахыг зориж тэмүүлж байна. Эдгээр өрөөнүүд дараагийн шинэ гарааны бизнесийнхэнд зөвлөж, тэдэнтэй хамтран стратегийг батлахад зориулагдах юм.

Бид өөрсдийн хуримтлуулсан мэдлэг чадвараа бусдад хуваалцахыг хүсч байна. Ялангуяа MSpace инновацийн төвийн маань зорилго яг үүнд чиглэгдсэн. Бусад дундын оффис шиг энд байнга л сургалт, арга хэмжээнүүд явагдаж байх болно. Бас нэг онцлог зүйл нь бид байршлын давуу талаа ашиглан корпорациудыг гарааны бизнестэй холбодог цэг болгохоор ажиллахад чиглэнэ. Ингэснээр корпорациуд гишүүнчлэлээр орж ирнэ гэсэн үг. Тухайлбал Монголын Юнител, Голомт зэрэг корпорациуд нэгдсэнээрээ залуучууд рууг ойртож инноваци хийх боломж бүрдэнэ. Угаасаа энэ 2 холбогдох цаг нь болчихсон, олон улсын хандлага нь ийм байдаг. Нэг үеэ бодвол залууст гарааны бизнест амжилт олох боломж ойрхон болчихлоо. Наад зах нь иймэрхүү дэд бүтцүүд нь үүсчихсэн учраас хийх хүсэл нь байгаад хөдөлмөрлөх л юм бол зам нь илүү дөт амар болж байна.