Хүдэрчулууны Хулан
12 сарын 08, 2025
Peak.mn: “Бидний 17” буланд энэ удаа “Дэ Нэйче Консерванси” (TNC) байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Галбадрахыг урьж ярилцлаа.
Монголчуудын уламжлалт ахуйд байгалиа хамгаалах үзэл гүн шингэсэн
Монголчууд эртнээс байгалиа хамгаалж ирсэн уламжлалтай. Тухайлбал, Хүрээ сайд Юндэндорж хүсэлт гаргаснаар 1778 онд Богд хан уулыг хамгаалалтад авч байсан гэх баримт бий. Үүнээс үзвэл Монгол Улс дэлхийд хамгийн анхны тусгай хамгаалалттай газрыг байгуулсан байх магадлалтай. Яагаад гэвэл АНУ-д байдаг Шар чулууны Дархан цаазат газар гэж бий. Энэ газрыг 1872 онд тусгай хамгаалалтад авсан гэдэг. Гэтэл өнгөрсөн оны долдугаар сард CNN-ээр “Монгол Улс дэлхийн хамгийн анхны тусгай хамгаалалттай газрыг байгуулж байжээ” гэж мэдээлсэн.
Дэлхий дахины өнөөдөр ярьж буй ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн тухай ойлголтыг монголчууд хэдэн зуун жилийн өмнөөс өнөөдрийг хүртэлх байгаль эхээ хамгаалах уламжлалаараа дамжуулан үр хойчдоо өвлүүлж иржээ. Тухайлбал, нүүдэлчид, малчид маань нэг газар зусаад явахдаа гэрийн бууриа сайхан цэвэрлэчихдэг байсан. Ардаа юу ч үлдээдэггүй. Дараа жил эргээд ирэхэд өнөөх буурь нь сэргэчихсэн, ногоо ургачихсан байдаг.
Юу болдог, юу болдоггүйг олон зуун жил ажиглаж мэдээд, үр хүүхдэдээ зааж сурган, аман байдлаар ярьж, сургаж, зүйр цэцэн үгээр илэрхийлдэг байжээ.
Хүүхэд байхдаа би булаг руу усанд явдаг байсан юм. Тэгэхэд ээж минь, “Чи уснаас хутгаж авах гэж байгаа бол шанагаа сайтар угаа, усанд улаан болон цагаан өнгийн зүйл дусааж болохгүй” гэдэг байсан. Сүүлд нь Унгарт оюутан болоод химийн усны бохирдолтой холбоотой хичээл үзтэл ээжийн минь аль хэдийнэ, надад хүүхэд байхад минь заачихсан зүйлсийг профессор багш нар зааж байлаа. Шинжлэх ухааны үндэслэлээр тайлбарлаагүй боловч, “ер нь болохгүй ээ” гэдгийг л ойлгуулчихдаг юм билээ.
Жишээлбэл, манай нутагт байдаг Богд уулын араас сонгино түүж болохгүй гэдэг байв. Тэрхүү жижигхэн зэрлэг сонгинын популяцыг хамгаалж байсан юм билээ л дээ. “Хэрэв тэндээс сонгино авбал гар чинь татна” гэж айлгадаг байсан. “Энэ цөөхөн юмыг хямгадаж, хайрлах ёстой гэдэг байгаль хамгааллын зан үйлийг бидэнд багаас зааж, хэлж сургаж байсан. Нэг удаа миний бие баруун аймагт явж байгаад арван хэд орчим насны хүүхэдтэй малын бэлчээр дээрээ байхтай нь тааралдахад тэрбээр дор хаяж 15 зүйлийн бэлчээрийн ургамлыг нэрлэж байв. “Чи яаж ийм олон ургамлыг нэрлэж сураа вэ?” гэхэд, “Эмээ надад зааж өгсөн” гэж байлаа. Малчид тэр бүгдийг мэддэг бөгөөд үр хүүхдэдээ заасаар ирсэн.
Газар нутгийг тусгай хамгаалалтад авах дэлхийн санаа монголчуудаас эхлэлтэй
1992 онд болсон Риогийн Дэлхийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улс нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилтыг анх удаа дэвшүүлж байв. Тэрхүү санал санаачилга нь явсаар 2022 онд Канадын Монреал хотод болсон Биологийн олон янз байдлын конвенцын талуудын хурлаар Даян дэлхийн биологийн олон янз байдлын хүрээний баримт бичиг хэмээх томоохон, чухал баримт бичгийг баталсан. Энэхүү бичиг баримтад, “Дэлхий нийтээрээ эх газар болон далай тэнгис, цэнгэг усныхаа 30 хувийг хамгаалъя” гэсэн зорилт багтсан. Үндсэндээ манай монголчуудын анх дэвшүүлж байсан тэрхүү 30 хувийг хамгаалах бодлого нь дэлхий нийтийнх болсон юм.
Монгол Улс өнөөдөр газар нутгийнхаа 20 орчим хувийг тусгай хамгаалалтад авсан үзүүлэлтээрээ дэлхийд 90 дүгээрт жагсаж байна. Томоохон орнууд, жишээлбэл, Герман, Польш зэрэг улс газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авчихсан. Тэгэхээр бидний хувьд одоогийн байдал маань тийм ч хангалттай биш. Тусгай хамгаалалтад авсан болон аваагүй газруудын хооронд ихээхэн ялгаа бий. Юуны өмнө тэнд байгаа ургамлын хэв шинж, зэрлэг амьтны тоо толгой, байгалийнх нь үзэсгэлэнт тогтоц хадгалагдан үлдэж байна шүү дээ.
Их зохиолч Д.Нацагдоржийн шүлэгт гардаг алдарт Мэнэнгийн талд өнөөдөр олон тооны газрын тосны олборлолт хийж байна. Газрын тосны хог хаягдалтай, олон салаа зам гарчихсан… Дорнын их тал маань иймэрхүү байдлаар хүний нөлөөнд ихээхэн өртөж байна.
Дэлхий дахинд бид онгон тансаг байгальтай гэдгээрээ алдартай. Өнгөрсөн жил Монгол Улсад ирсэн 800 мянган жуулчны 80 орчим хувь нь тусгай хамгаалалттай газруудад очсон байна лээ.
Монгол Улс байгалийн олон янз бүс нутагтай. Хөвсгөл, Хангайн нуруу, Хэнтийн нуруу, ой тайгаас эхлээд өмнийн говьд ч муухай газар гэж байхгүй. Бүгд өөрийн гэсэн онцлогтой, маш сайхан газрууд. Америкийн алдарт эрэмтэн Жорж Шалар “Монгол орны хээр бол дэлхийн хэмжээний чухал ач холбогдолтой газар” гээд үнэлчихсэн.
Хээр газар тариаланд тохиромжтой ураас дэлхий нийтээрээ түүнийгээ устгачихсан. Дэлхийн хээр газрын 50 орчим хувь нь хүний үйл ажиллагаанд өртсөн. Харин манай хээр, говь цөлөөр явсан мундаг судлаачид, “Дэлхийд байхгүй ховорхон амьтныг эндээс л зөвхөн харж болно шүү” гэж хэлж байсан.
Монголчууд маань өөрсдөө ч гэсэн тусгай хамгаалалттай газруудаараа аялдаг шүү дээ. Хөвсгөл нуур, Тэрхийн цагаан нуур, сүүлийн үед Алтай Таван Богд гэх мэт. Яагаад гэхээр тэнд хамгийн үзэсгэлэнтэй байгальтай, хүний нөлөөнд хамгийн бага өртсөн газрууд байгаа юм. Тэнд очоод хүмүүс гоо сайхны асар их таашаалыг авдаг. Тэр хэрээрээ эх орноо таньж мэддэг. Эх орноороо бахархах, эх оронч үзэл төлөвших нэг нөхцөл шалтгаан болж байна. Улмаар байгалиа хайрлах сэтгэлгээ бий болж байна. Тэгэхээр ТХГН маш олон талын ач холбогдолтой.
Даланжаргалангийн сурагчдын хичээлийн хөтөлбөрт Их Нартын ховор амьтад багтсан
Монгол Улсын ДНБ-ийн 10 хувийг жуулчид бүрдүүлж байна гэсэн тооцоо судалгаа бий. Энэ үзүүлэлт цаашид өшөө ч нэмэгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, ТХГН эдийн засгийн асар их ач холбогдолтой.
АНУ-ын Шар чулууны Дархан цаазат газарт аялал жуулчлалаас жилдээ 828 сая ам.доллар олдог гэсэн мэдээ бий. Нэг тэрбум орчим ам.доллар гэдэг чинь манай улсын жилийн төсвийн 10 орчим хувь болчхож байгаа юм. Тэгэхээр тусгай хамгаалалттай газрыг зөвхөн “Хав дарчихлаа” гэдэг өнцгөөр харж, ойлгож болохгүй.
Уул уурхай мэдээж эдийн засагт том жин дарж байгаа. Гэхдээ ашигт малтмалыг нь аваад, тэгээд л дуусчихна. Гэтэл аялал жуулчлал гэдэг байгалийг хөндөлгүйгээр ашиглах хэлбэр юм. Байнгын тогтвортой орлоготой байж, эдийн засгаа солонгоруулах боломж. Нөгөө талаас байгалийг хамгаалах нь танин мэдэхүйн ихээхэн ач холбогдолтой. Хүмүүс тэнд судалгаа хийж байна. Мөн боловсролын ач холбогдолтой. Хүүхдүүдэд ховор зүйлийн шувуу, амьтдын төрөл зүйлийг хамгаалахын ач холбогдлыг ойлгуулдаг. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт Их Нартын байгалийн цогцолбор газар гэж бий. Тиймээс Даланжаргалан сумын дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт нь тухайн нутгийнхаа амьтдыг судалдаг хөтөлбөр оруулчихсан байна билээ. Хаа байсан Африкт байгаа арслан зааныг биш өөрийнхөө хажууд байгаа тэрхүү аргал, янгир, тас, шувууны талаар хүүхдүүд мэдлэг ойлголтыг авч байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.